Канадад 65-аас дээш насныханд АстраЗенека вакцин тарихгүй

Канадад АстраЗенека компанийн вакциныг ашиглан иргэдийг коронавирусээс сэргийлэх тарилгад хамруулах ажил хоёрдугаар сарын 26-наас эхэлсэн юм. Гэхдээ 65-аас дээш насныханд энэ вакциныг ашиглахыг Канадын Үндэсний зөвлөх хороо зөвлөхгүй байгаа талаар тус улсын Эрүүл мэндийн яамны мэдэгдэлд өгүүлжээ.
АстраЗенека вакцин 65-аас дээш насныханд үзүүлэх үр дүнтэй холбоотой мэдээлэл хангалтгүй байгаа тул ийм шийдвэр гаргасан гэж DW агентлаг мэдээлжээ.
Өмнө нь, нэгдүгээр сарын сүүлээр Германы эрдэмтэд мөн ийм зөвлөгөө өгч байлаа. Тодруулбал, Германы Роберт Кохын нэрэмжит Вирус судлалын хүрээлэнгийн Вакцинжуулалтын байнгын хороо Британи, Шведийн хамтарсан АстраЗенека компанийн үйлдвэрлэсэн вакциныг 18-64 насныханд тарихыг зөвлөж байсан юм. Энэ вакцин 65-аас дээш насныханд ямар нөлөө үзүүлэх талаарх судалгааны мэдээлэл хангалтгүй байгаа тул энэ насныханд АстраЗенека вакциныг тарихгүй байхыг Германы эрдэмтэд зөвлөж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ