"А.Гансүх-Б.Хурц-Б.Баасанцогт" гэх хэрэг наймаалцдаг схемийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илчлэв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амийг хөнөөсөн гэх хэргээр 401 дүгээр хаалттай хорих ангид ял эдэлж буй Т.Чимгээтэй уулзаж, нөхцөл байдалтай нь танилцлаа. Тэрбээр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатартай хамт ийнхүү цочир “айлчлал” хийсэн нь олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж байна. Гүйцэтгэх засаглалын тэргүүнээр томилогдохдоо шударга ёсны хувьсгалаа үргэлжлүүлэхээ мэдэгдсэн Л.Оюун-Эрдэнэ “Т.Чимгээгийн биед мансууруулах бодис шахаж, нөхөр рүү нь ёс бус бичлэг илгээсэн. “Мартын 8”-аар түүнийг эргэж очно” гэж саяхан мэдэгдсэн. Олныг хиртхийлгэсэн энэхүү мэдээллийг Т.Чимгээгийн нөхөр үнэн болохыг тв5 телевизийн сэтгүүлчид ярилцлага өгөхдөө баталлаа.
Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хаалттай хорих ангид ажиллах үеэр Т.Чимгээ сэтгүүлчдийн өмнө ил гарч, хэрэгт шалгагдаж байх үед нь том охин нь автын ослоор сэжигтэйгээр нас барсан хэргийг шалгуулах хүсэлтэй байгаагаа уламжлав. Аймшигтай байгаа биз. Нэг хүн, нэг гэр бүлийн амьдралд нэгэн зэрэг шахам тохиолдсон явдлууд...
С.Зоригийн амь насыг хохироосон хэргийг илрүүлэх “зохиол” Б.Хурцыг ТЕГ-ын дарга байхад бичигдэж, бодит явдал болж хэрэгжсэн юм. Тагнуул, прокурор, шүүх, АТГ-ынхан оролцсон зохион байгуулалттай сүлжээ ажиллаж, тогооч, малчин хоёрыг алуурчин болгож “хувиргасан” түүх саяхных. Энэ бүхний цаана, хорих газрын камерт тэд аймшигт яргалал явуулж, хэрэг хүлээлгэдэг аймшигт технологио хэрэгжүүлсэн бичлэгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж сэтгүүлчдэд үзүүлж байсан удаатай. Ингээд тагнуул, ШШГЕГ, прокурорынхон оролцсон “Эрүүдэн шүүсэн” гэх хэрэг дуулиан тарив. ТЕГ-ын дарга асан Б.Хурц тэргүүтэй хүмүүст Төв аймгийн анхан шатны шүүхээс хорих ял оноосон ч өнгөрсөн оны сүүлчээр болсон давж заалдах шатны хурлаар өмнөх шүүхийн тогтоолыг хүчингүйд тооцож, тэднийг батлан даалтад гаргасан. Хууль номоороо бол анхан шатны шүүх хуралдаанаа товлоод хэргийг дахин хэлэлцэх учиртай. Гэвч “Хууль хуц” гэв үү, Б.Хурц нарт холбогдох хэрэг замхрах шатандаа оров. “Яагаад тэр вэ”... Нийгэмд энэ асуулт хариултаа хүлээж байх зуур Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хувь улстөрчийн хувьд өөр рүүгээ гал дуудсан мэдээллийг хаалттай хорих ангид ажиллах үеэрээ дахиад өглөө. Тэрбээр “Б.Баасанцогт гэх хүний талаар хэвлэлээр гарах боллоо.
Тэр хүн хэрэг төлөвлөж, шүүгч Х.Идэр, З.Болдбаатар нар ажилладаг. ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх энэ асуудалд гүнзгий оролцсон байж болзошгүй. Тийм учраас энэ хүнд ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллах эрх ёс зүйн хувьд байхгүй. ҮАБЗ-ийн гишүүний хувьд би энэ асуудлыг гаргаж тавина” гэсэн юм. Тодруулбал, шүүх, прокурор, АТГ, тагнуул, өмгөөллийн байгууллагуудын сүлжээ бүхий хонгил өдгөө ч хэвээр байж, хэрэг наймаалцсаар байгааг Ерөнхий сайд ийнхүү ил болголоо. А.Гансүх-Б.Хурц-Б.Баасанцогт...
Хэвлэлүүдэд саяхан ил болсон “Б.Баасанцогтын төлөвлөгөө” гээчид Б.Хурц нарт холбогдох хэргийн талаар дурдсан байдаг. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдээллээс харвал, улс төрийн хоригдлуудын жагсаалтад хэнийг багтааж, хэнийг энэхүү жагсаалтаас хасах хорыг А.Гансүх найруулж, өмгөөлөгч Б.Баасанцогт ялын ченжээр ажилладаг бололтой шүү. Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурлыг Төв аймгийн шүүх дээр “царцаасан”-ы учир ч үүнтэй холбоотой байж мэдэх. Хажууд нь “Хонгил” ийнхүү ажиллаж, шүүгчид, АТГ-чид биеэ үнэлэгчидтэй хамт үдэшлэг хийх зуураа хүмүүсийн хувь тавиланг наймаалцаж байгааг хараад Ерөнхийлөгч юу бодож суугаа бол. Шүүх засаглалыг мэдэлдээ байлгадаг түүний шадар хүн нь Ерөнхий сайдын нэрлэсэн А.Гансүх... Төрийн хэргийг явуулахад нь хорыг нь ч, жорыг нь найруулалцаж өгдөг гол “албат” нь гээд бод доо. Аймаар биш үү!?
Эх сурвалж: 24tsag.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ