ОХУ вакцины олон улсын аялал жуулчлал хөгжүүлнэ

Ирэх тавдугаар сар гэхэд Орост вакцинжуулалтын олон улсын аялал жуулчлал бий болох боломжтой гэнэ. Энэ талаар цахим форумын үеэр Эрүүл мэндийн салбар дахь байгууллагуудын үндэсний холбооны төлөөлөгч мэдэгдсэнийг Регнум агентлаг дамжууллаа.
Эх сурвалжийн мэдээлснээр, коронавирусээс сэргийлэх вакцин хангалттай нөөцтэй болсон үед ийм аялал жуулчлалыг нээх боломжтой гэж холбогдох байгууллагууд үзэж байгаа гэнэ. Түүнчлэн гадаадын иргэд ОХУ-ыг зорин ирж, дамжин өнгөрөх бүсэд тарилга хийлгээд, эргээд явах байдлаар аяллыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Харин гадаадын иргэдийг хилээр бүрэн нэвтрүүлэхгүй аж.
Энд дуулгахад, дэлхийн олон оронд вакцинжуулалт санал болгосон аяллын хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлж байгаа талаарх мэдээлэл өнгөрсөн сард олон улсын хэвлэлүүдээр гарч байлаа. Тэр дундаа Оросын вакцины эрэлт гадаадын иргэдийн дунд өндөр байгаа тул зарим орны аялал жуулчлалын газрууд Орос руу жуулчдыг вакцинд хамруулах зорилгоор илгээх аяллыг зохион байгуулах хүсэлтийг Оросын "Интурист" аялал жуулчлалын компанид гаргасан гэнэ. Латин Америк, Зүүн Азийн орнуудаас хүсэлт ихээр ирж байгаа бөгөөд Европоос ч жуулчид сонирхож байгаа аж.
Улмаар Зөвлөлтийн үеэс үйл ажиллагаа явуулж буй Оросын хамгийн том аялал жуулчлалын байгууллага болох "Интурист" компани гадаадын жуулчдыг авчрах тусгай чартер нислэгүүдийн хөтөлбөрийг боловсруулах ажилдаа орсон бөгөөд холбогдох байгууллагуудтай вакцины аяллыг хөгжүүлэх асуудлаар хэлэлцэж байгаа талаарх мэдээллийг Известия дамжуулж байсан юм.
COVID-19-ийн вакцин бүхий шинэ төрлийн аялал эрэлттэй болжээ
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ