АНУ-д халдлагад өртөж амиа алдсан хүмүүсийн дунд Ази эмэгтэйчүүд байжээ

АНУ-д алжаал тайлах төвүүдэд халдлага болж, үл мэдэгдэх этгээд гал нээсний улмаас олон хүн нас барсан талаар өмнө нь мэдээлсэн.
АНУ: Алжаал тайлах төвүүдэд гал нээсний улмаас 7 хүн амиа алджээ
Өмнө нь гарсан мэдээллээр 7 хүн амиа алдсан гэж байсан бол гэмт хэргийн улмаас найман хүн амиа алдсан нь тодорхой болжээ. Тэдний зургаа нь Ази гаралтай эмэгтэйчүүд байсан бөгөөд цуврал гурван халдлагад сэжиглэгдсэн 21 настай эрийг Жоржия мужийн цагдаагийнхан баривчилсан байна. Ази эмэгтэйчүүдийн дунд Солонгос эмэгтэй байсан гэдгийг Өмнөд Солонгосын албаны этгээдүүд баталжээ.
Эхний халдлага орон нутгийн цагаар 17:00 орчимд гарсан байна. Дуудлагаар очсон цагдаагийнхны мэдээлснээр Атлантагийн хоёр салонд гал нээсний улмаас хоёр хүн газар дээрээ, өөр хоёр хүн эмнэлэгт хүргэгдсэний дараа нас баржээ. Эхний хэргээс цаг орчмын дараа дахин дуудлага хүлээн авсан бөгөөд хэргийн газарт галт зэвсгийн шархны улмаас нас барсан гурван эмэгтэйн цогцос олдсон гэж цагдаагийн газар мэдэгдсэнийг ВВС дамжуулсан байна.
Хэргийн газарт ажиллаж байх үедээ цагдаагийнхан замын цаана байрлах дахин нэг алжаал тайлах төвөөс дуудлага хүлээн авч очиход буудуулсан нэг эмэгтэйг олжээ. Сэжигтнийг тун удалгүй баривчилсан ч хэрэг үйлдэх болсон сэдэл нь одоогоор тодорхойгүй байгаа гэнэ.
ВВС агентлагийн онцолсноор, сүүлийн саруудад Ази гаралтай америкчуудыг үзэн ядах сэдлээр үйлдэгдсэн гэмт хэргийн тоо нэмэгдсэн гэнэ. Ази гаралтай хүмүүсийг коронавирус тараасан хэмээн үндэслэлгүйгээр буруутган, үзэн ядах хандлага Америкт нэмэгджээ. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Ази гаралтай америкчуудыг үзэн ядах сэдлээр аймшигт гэмт хэргүүд гарч байгааг шүүмжилж байв.
Гэхдээ дээрх хэргийн тухайд амиа алдсан хүмүүс арьс өнгө, эсвэл угсаа гарлаасаа болж хохирогч болсон гэж дүгнэхэд эрт байна гэж АНУ-ын эрх баригчид мэдэгджээ. Хэдийгээр ийм мэдэгдэл гаргасан ч Нью-Йоркийн цагдаагийн хэлтэс урьдчилан сэргийлэх үүднээс Ази гаралтай хүмүүс амьдардаг дүүргүүдэд нэмэлт эргүүл гаргахаар шийдсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ