Р.Ганбат: Ойн зурвас байгуулснаар шороон шуургыг сааруулна

Монгол орны нийт нутгийг хамарсан хүчтэй шороон шуурга энэ сарын 13,14-нд болсон. Энэ шуурганы улмаас мод тарьж ургуулан экологийн тэнцвэрт байдлыг хадгалах шаардлагатайг нэхэн санасан яриа сошиалд өрнөв. Үүнээс улбаалан модны урамшууллын талаар ч сөхөөд амжсан. Энэ талаар БОАЖЯ-ны Ой, бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Р.Ганбатаас тодрууллаа.

-Тун саяхан болоод өнгөрсөн шороон шуурга биднийг мод тарих ёстойг дахин санууллаа. Мод тарихад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх тал дээр танай газраас хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
-Мод тарина гэдэг маш их хөдөлмөр зарцуулсан ажил. Модноос үр, боргоцойг түүж авна. Үүний дараа түүсэн модны үрээ боргоцой, хайрснаас салган, боловсруулж, тарилтад бэлтгээд дараа жил нь тарина. Ургуулах гэж 2-3 жил арчлан хамгаалж, усалгаа, арчилгаа хийж байж, сая нэг ойжуулалт, нөхөн сэргээлтэнд ашиглах, хамгаалалтын ойн зурвас байгуулахад тарих мод, сөөг бэлэн болно гэж ойлгох хэрэгтэй. Гэхдээ хамгаалалтын ойн зурвасад ургалт сайтай өндөр мод шаарддаг тул дээрхээс ч илүү хугацаанд бойжуулах талбайд ургуулсан модыг ашиглах шаардлага гардаг. Үүний зэрэгцээ арчилгаа, усалгаа, хийх, хөрс шороогоо бэлдэх, хортон шавж, өвчнөөс хамгаалах гээд энэ бүх ажлыг хийхэд маш их хөдөлмөр ордог. Иргэд үнэгүй мод тараагаач гэдэг. Эсвэл улсаас үнэгүй мод өгнө гээд ойлгочихдог. Үнэгүй мод гэж байхгүй. Мод үржүүлэгийн ажил эрхэлэх, модны тарьц, суулгац үржүүлж ургуулах, ажлыг хувийн сектор буюу иргэн, аж ахуйн нэгж байгууллага гүйцэтгэж байна. Хувийн хэвшлийнхэн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор мод тарьдаг. Тэд ургуулсан модоо үнэгүй өгнө гэж үгүй. Манай яамнаас жил бүрийн хавар, намар бүх нийтийн мод тарих ажлыг угтуулаад мод үржүүлгийн чиглэлийн мэргэжлийн байгууллагын тарьж ургуулж буй тарьц, суулгац, модны судалгааг авдаг. Ингээд мод тарих ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад сурталчилж, Улаанбаатар хот аймгийн төвүүдэд мод сөөгний үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг.
-Ойжуулалт, ногоон байгуулалтыг нэмэгдүүлбэл шороон шуурганы давтамж багасах боломжтой юу?
-Байгаль цаг уурын өөрчлөлттэй холбоотойгоор өвөл хаврын улиралд хур тунадасны хэмжээ багасаж, газрын чийг бага байна. Үүнтэй холбоотойгоор хөрсний, ургамлын бүрхэвч багассан учраас салхи, шуурга гарахад шороон шуурга дэгдэх үзэгдэл болоод байна. Үүнийг яаж зогсоох вэ гэхээр хамгаалалтын ойн зурвас байгуулах, мод тарьж ногооруулах асуудал чухал. Хөрсний элэгдэл, ургамлын бүрхэвчгүй болсон газар ойн зурвас байгуулж байж шороон шуургыг сааруулна. Энэ ажлыг иргэд аж ахуйн нэгж, байгууллага бүгд оролцож байж хийнэ. Дан ганц яамны асуудал гэж ойлгож болохгүй. Улсын хэмжээнд улс болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр тодорхой хэмжээнд хамгаалалтын ойн зурвас байгуулах ажлыг хэрэгжүүлээд явдаг. Гэхдээ төсөв зардал хомс учраас энэ ажлыг эрчимжүүлэх боломж дутмаг. Энэ ажлыг модны тарьц, суулгацын нөөц бүхий аж ахуй нэгж байгууллага улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийж байна. Улсын төсөв хүндрэлтэй байгаатай холбоотойгоор ойн чиглэлийн ажилд зарцуулах төсөв мөнгө жил бүр багасч байгаа.
-Мод тарьж ургуулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урамшуулал олгох журам бий. Энэ журам одоо хэрэгжиж байгаа юу?
-Аймаг, сумын ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж, хээрийн бүсийн элсний нүүлтийг багасгах, хамгаалах зурвасыг нэмэгдүүлэх зорилгоор мод тарьсан, ногоон зурвас, төгөл байгуулсан иргэн, аж ахуйн нэгж байгууллага, нөхөрлөлийн үйл ажиллагааг орон нутгаас дэмжин мөнгөн хэлбэрээр урамшуулал олгох журам батлаад, хэрэгжүүлээд ажиллаж байгаа аймгууд бий. Энэ ажлыг хэрхэн зохион байгуулах, урамшууллыг хэрхэн олгох нь тухайн орон нутгийн засаг даргын асуудал.
Ойн бодлого зохицуулалтын газар бол ойн сангийн газарт ойжуулалт, нөхөн сэргээлт хийх, ойн санг хамгаалах, ойн нөөцийг зүй зохистой ашиглах асуудлыг бодлого, зохицуулалтаар ханган ажилладаг. Гэхдээ жил бүрийн хавар, намрын мод тарих ажлыг болдлогын хэмжээнд зохицуулах, талуудын орлцоог хангах ажлыг зохион байгуулаад явдаг. Өөрөөр хэлбэл ногоон байгууламж гэхээс илүүтэй тарих мод сөөг, тарьц, суулгацын мэдээллээр хангах, иргэн аж ахуйн нэгж, байгууллагыг мод тарихад нь мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах чиглэлээр оролцдог. Харин төв суурин газар мод тарих, ногоон байгууламж бий болгох, түүнийг зохион байгуулж ажиллах нь аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын чиг үүргийн ажил. Энэ тухай Ойн тухай хуулинд тодорхой заагаад өгчихсөн байдаг. Тухайлбал:
Аймаг нийслэлийн засаг дарга жил бүр мод тарих сарын ажлыг зохион байгуулна. Ингэхдээ 16 насанд хүрсэн иргэн бүр нэг мод, аж ахуйн нэгж, албан байгууллага 5-аас доошгүй мод тарьж ургуулах, услах, арчлах бөгөөд өөрийн хүчээр гүйцэтгэх боломжгүй тохиолдолд зардлыг хандивлана гэсэн заалт бий. Сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга мод суулгах талбайг сонгох, хөрс боловсруулах, тарьц суулгацаар хангах, тэдгээрийг услах, арчлах ажлыг ойн мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулж, уг ажилд иргэдийг татан оролцуулна гэсэн хуулийн заалт байдаг, үүний хэрэгжилтийг хангуулж ажиллах нь чухал байна.
-Дэмжлэг, урамшуулал олгох ажлыг эрчимжүүлбал ойжуулалт, хамгаалалтын зурвас байгуулахад дөхөмтэй болов уу?
-Мод тарих иргэнд дэмжлэг үзүүлж ажиллана гэхээр үнэгүй мод өгөх нь гээд яамнаас хэзээ тараах вэ гэж асуугаад байдаг. Үнэгүй мод гэж байхгүй. Мод тарьж ургаалахад маш их хүн хүч, хөдөлмөр, хөрөнгө шаарддаг гэдгийг би дээр хэлсэн. Тиймээс тарих мод болгоныг үнэгүй тараагаад байх боломжгүй. Хуулинд ч иргэн аж ахуйн нэгж байгууллага тарих модоо өөрсдөө сонгож, худалдан авч тарих үүрэгтэй юм байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Өөрөө тарьж чадахгүй бол мэргэжлийн байгууллагад хандан, тарих мод сөөгөө худалдан аваад, мэргэжил арга зүйн зөвлөгөө авч, арчилгаа, усалгаа, хамгаалалтыг өөрсдөө хариуцаад иргэд маань хашаагаа ногооруулах хэрэгтэй.
Иргэд мод тарихдаа энэ чиглэлийн мэргэжлийн байгууллагад хандан, хамтран ажиллах нь чухал. Зарим нэг гарал үүсэл нь тодорхойгүй мод, сөөг зах зээлээс авдаг, тэр нь ойн сангаас хулгайгаар авсан, үндэс, мөчрийг гэмтээсэн байдаг тул ургадаггүй. Тийм учраас буух эзэнтэй буцах хаягтай ойн мэргэжлийн байгууллагаас тарих мод, сөөгөө худалдан авч тарих хэрэгтэй. Ойг нөхөн сэргээх, ойжуулахад шаардлагатай тарьц, суулгац, мод, сөөгний тодорхой хэмжээний нөөц бүрдүүлэх зорилгоор тарьц, суулгац ургуулсан иргэн, аж ахуйн нэгж, ойн нөхөрлөлийг урамшуулах журам байдаг. Энэ журамд стандартын шаардлага хангасан тарьц, суулгацын тоо, чанар, модны төрөл зэргийг харгалзан үзэж, шааардлага хангасан тохиолдолд урамшуулахаар зохицуулсан байдаг. Энэхүү урамшууллын журмын зорилго нь ойжуулах, ойг нөхөн сэргээх, хамгаалалтын зурвас байгуулахад шаардлагатай тарьц суулгацын нөөц бүрдүүлэх чиглэл рүү анхаарсан ажил. Модны тарьц суулгацийн тодорхой хэмжээний нөөцгүй бол мод тарих, ногооруулах ажлыг хийх боломжгүй шүү дээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ