ФОТО: Ерөнхийлөгчийн "эсэргүүцэл"-тэй УИХ-ын гишүүний тангараг


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааанаар Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний тангараг өргөлөө. Ийнхүү тангараг өргөснөөр УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын бүрэн эрх хэрэгжиж эхэлж байна.
Ийнхүү энэ парламент 75 суудалтайгаар бүрэн эрхээ хэрэгжүүлж байна. Ирэх 10 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн сонгуулийн тойрогт УИХ-ын нөхөн сонгууль явагдах юм.
Харин өнөөдрийн чуулганы хуралдаанд оролцсон Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлж, Ж.Эрдэнэбатын УИХ-ын гишүүний тангараг өргөх арга хэмжээг хойшлуулах талаар хөндсөн юм. Тэрбээр " Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний тангараг өргөх гэж байгаатай холбогдуулан үг хэлье. Одоогийн нөхцөл байдлынхаа талаар Ж.Эрдэнэбат өөрөө тайлбар өгөх болов уу гэж бодож байна. Авлигатай тэмцэх нүсэр ажлыг эхлүүлснээс хойш хоёр жил болж байна. Энэ ажил дөнгөж эхэлж байгаа. Ж.Эрдэнэбатын хувьд залуу наснаасаа аймгийн Засаг дарга, Сангийн сайд, Ерөнхий сайд байсан, хариуцлагыг өөрөө ухамсарлах хэмжээний албан тушаал хашиж байсан хүн учраас би зориуд үг хэлж байна. Холбогдоод байгаа эрүүгийн хэрэг нь шүүхээр шийдэгдээгүй байхад яаран сандран тангараг өргөх хэрэг байна уу? Тэртээ тэргүй одоогийн УИХ-ын гишүүдийн талаас илүү хувь нь гэмт хэрэгтэн байна. Гэмт хэрэгтнүүд УИХ-д орж ирж хамгаалагддаг процесс маш эрчимтэй явж байгаа. 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд бий болсон парламент ч ийм байсан. Би өнөөдөр ёс зүй ярьж байна. Ж.Эрдэнэбат төрийн өндөр албан тушаалуудыг хашиж явсан залуу хүн байна, тангараг өргөхөө хойшлуулж болохгүй юу? Мэдээллээс үзэхэд Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч байхдаа ашигт малтмалын лицензүүдийг өөртөө хамаарал бүхий компаниудад гарын үсэг зураад авчихсан. 2017 оны есдүгээр сарын 14-ний өдрийн Засгийн газрын тогтоол олон нийтэд ил болсон. Энэ байж болохгүй асуудал учраас хэрэг үүсгэж, тодорхой хэмжээнд шалгуулсан. Одоогийн байдлаар энэ хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байна гэж би ойлгож байна" гэдгийг онцолсон. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар "УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дараагийн парламент бүрдэж, үйл ажиллагаа нь эхэлснээр дуусгавар болдог. Ж.Эрдэнэбатын УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоогүй, сонгуулийн сурталчилгааны үеэр баривчлан саатуулсан нь хууль зөрчсөн үйлдэл гэдгийг би тухайн үед мэдэгдэж байсан" гээд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын тангараг өргөх ёслолын арга хэмжээг үргэлжлүүлсэн юм.
Ийнхүү Сэлэнгэ аймгийн УИХ-ын 13 дугаар тойргоос сонгогдсон Ж.Эрдэнэбат есөн сарын дараагаар тангарагаа өргөснөөр УИХ-ын гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ