ГИХГ: Хөдөлмөрийн визээр орж ирсэн хүн Баян-Өлгийд алтны уурхайд ажиллаад явж байна

Гадаад Иргэн харьяатын газрын дарга Н.Ууганбаяр гадаадын иргэдийн визийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Монгол Улсад оршин сууж байгаа, хөдөлмөр эрхлэх визээр орж ирсэн хүмүүсийн асуудлаар хяналт, шалгалтын ажиллагаа явууллаа. Гадаадад ажиллах хүчин авах, гаргах хуулийн дагуу Засгийн газрын квотоор хэд хэдэн аж ахуй нэгж, байгууллага 2020 онд гадаадаас ажиллах хүчин авсан байгаа. Манай байгууллага цар тахалтай холбоотойгоор Улсын хэмжээнд байнгын хяналт шалгалтыг явуулж чадаагүй ч гэсэн тодорхой газар нутаг дэвсгэр дээр шалгалт хийлээ. Шалгалтаар цөөнгүй зөрчил дутагдал илэрлээ.
Тухайлбал гадаадаас ирсэн ажиллах хүчин тухайн газар нутагтаа байрлахгүй, ирсэн зорилгынхоо дагуу үйл ажиллагаагаа явуулахгүй байна. Уригч аж ахуй нэгж байгууллага тухайн иргэдээ хянаж чадахгүй, хаана байгааг нь мэдэхгүй байх тохиолдол ч илэрлээ. Тодруулбал Дархан-Уул аймгийн төмөрлөгийн үйлдвэрт ажиллана гэсэн гадаадын иргэд Баян-Өлгий аймагт алтны уурхайд ажиллаад явж байх жишээтэй. Үлдсэн 12 хүн нь Тэрэлжийн барилга дээр ажиллана гэсэн боловч тэндээ байхгүй. Дундговь аймгийн Гурвансайхан суманд уурхайд ажиллана гэсэн иргэд Улаанбаатар хотын ХУД-ын самрын үйлдвэрт ажиллаж байна. Энэ мэтчилэн оруулж ирсэн ажиллах хүчнээ аж ахуй нэгжүүд хянаж чадахгүй байгаа зөрчил цөөнгүй байгааг хэлэх нь зүйтэй. Эдгээр иргэнийг хил нээгдсэн тохиолдолд Монгол Улсаас гаргах шаардлагыг тухайн байгууллагад хүргүүлсэн.
Өөр нэг ноцтой зөрчил гэвэл Монгол Улсад хөдөлмөр эрхлэх визээр орж ирчихээд визийн ангилал солиулах хүсэлтийг тавьдаг. Тухайлбал хөдөлмөр эрхлэх визээр орж ирсэн хүмүүс хөрөнгө оруулалтын виз авах хүсэлт гаргаж байгаа. Учир нь Засгийн газрын квотыг ашиглаж хэд хэдэн компанид хүсэлтээ өгөөд тухайн компаниуд нь Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн байна. Тухайлбал "Мөнх сити хаус" компани БНХАУ-ын Эрээн хот, Хөх хотод Монгол руу ажилтан гаргана гэсэн зарыг "We chat" группт тавиад иргэдээс 20 гаруй сая төгрөг авчээ. Ингэж орж ирсэн иргэд өөрсдийн визийн ангиллыг солиулна гэсэн асуудал ярьж байгаа. Эдгээр иргэнийг тухайн оруулж ирсэн компанийнхаа нэр дээр үйл ажиллагаа явуулаад Гадаадын иргэний эрхзүйн байдлын тухай хуулийн дагуу тодорхой байршилд үйл ажиллагаа явуулаад буцахыг шаардаж байгаа" гэлээ.

Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 1289 гадаадын хөрөнгө оруулалтын визээр оршин сууж байгаа иргэд байна. Энэ виз нь харьцангуй хөнгөлөлттэй, удаан хугацаагаар оршин суух, татвараас чөлөөлөгдөх боломжтой. Гэвч хөрөнгө оруулалтын визээр амьдарч байгаа иргэд бодит хөрөнгө оруулагчид мөн эсэхийг шалгахад үйл ажиллагаа явуулсан нь тодорхойгүй, Гадаадын иргэний эрхзүйн байдлын тухай хуулийн дагуу 100 мянган ам.доллар буюу түүнээс дээш хөрөнгө оруулалт хийсэн эсэх нь тодорхойгүй асуудал байгааг Гадаад Иргэн харьяатын газрын дарга Н.Ууганбаяр хэллээ.
Иймд хөрөнгө оруулалт хийж чадаагүй, үйл ажиллагаа явуулаагүй гадаадын иргэдийн визийн ангиллыг цуцалж эхэлжээ.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ