М.Мягмаржаргал: Олимпийн эрх авснаа сонсоод баярлаж бас айсан

img

Монголын боксын спортын эмэгтэй тамирчдаас олимпийн наадамд оролцох анхны эрхийг ОУХМ М.Мягмаржаргал авлаа.  Тэрбээр “Токио- 2020” олимпийн наадмын боксын тэмцээний 75 кг-ийн жинд эх орноо төлөөлөн тулалдах юм. Боксын спортоор 9 жил хичээллэж, дөрвөн удаа улсын аварга болсон М.Мягмаржаргал 2024 оны олимп хүртэл тамирчны замналаа үргэлжлүүлж, олимп, дэлхий, тивийн дэвжээнд эх орноо нэр төртэйгээр төлөөлөх зорилготойгоо ярьж байна. Түүний ярилцлагыг хүлээн авна уу.

 

 

-Юуны өмнө олимпийн эрх авсанд нь баяр хүргэе. Эмэгтэй боксчдын анхны эрхийг авлаа. Ямар шалгуурыг хангаж энэ эрхийг авав?

 

-Баярлалаа. Олимпийн эрхийг тэмцээнд оролцож, оноо цуглуулсан байдлаар олгодог. Энэ жилийн тухайд цар тахлаас үүдээд тэмцээнүүд хойшлогдож, болоогүй. Тиймээс өмнөх 2017, 2018, 2019 оны тэмцээнүүдийн оноогоор эрэмбэлж, олимпийн эрх олгосон байх. Би одоо дэлхийн чансааны наймд эрэмбэлэгдэж байгаа.

 

-Олимпийн эрх авснаа яаж мэдэв. Мэдээ дуулах тэр мөчид ямар мэдрэмж төрж байв? Гэр бүлийнхэн нь яаж хүлээж авсан вэ?

 

-Ер нь олимпийн эрх авах боломж байгааг мэдэж байсан. Гэхдээ яг найдвар тавиагүй. Авбал аваад, үгүй бол тэр л биз гэж бодож байлаа. Гэтэл 03 дугаар сарын 18-ны орой 23.26 цагт манай холбооны нарийн бичгийн дарга Г.Бадрах ах залгаад “Мийгаа чи олимпийн эрх авчихлаа. Баяр хүргэе, хичээгээрэй” гэж хэлэхэд үнэхээр их баярласан. Орилж, үсэрмээр санагдсан. Бас айсан. Улсын аварга, Азийн аварга биш шүү дээ, бэлтгэл юу билээ гэж бодогдсон.

Хамгийн түрүүнд ээждээ хэлсэн. Ээж маань “Миний эсэргүүцлийг ч тоохгүй олон жил зүтгэсний үр шим гарлаа. Төрийн минь сүлд ивээлээ” гээд бөөн баяр болсон.

 

-Олимпийн эрхээ авчихлаа. Бэлтгэлдээ хэзээ орох гэж байна вэ?

 

-Бэлтгэлдээ хараахан ороогүй байна. Нурууны эмчилгээ хийлгэж байгаа. Удахгүй багийнхан дээрээ очиж, бэлтгэлээ хийнэ.

 

-Хүнд бэртэл авсан гээд бичсэн байсан. Одоо зүгээр болсон уу?

 

-Нуруу их өвдөөд, тоохгүй явсаар байгаад жаахан хүндрүүлсэн. Тэгээд өнгөрсөн жилээс эмчилгээ хийлгэж, гам барьж эхэлсэн. Сая MRI хийлгэхэд өнгөрсөн долоодугаар сараас нэлээн сайжирсан байна. Эмчилгээгээ дуусгаад бэлтгэлээ хийж болно гэсэн. Бэлтгэлдээ яараад л байна. Бие энд, сэтгэл бэлтгэл дээрээ л байна.  

 

БОКСЫН СПОРТЫГ ОРХИХ ГЭЖ ОЛОН УДАА ОРОЛДСОН

 

-Эмэгтэй хүнд боксын спорт илүү хүнд харагдаад байдаг. Яагаад энэ спортыг сонгох болов. Хэзээнээс хичээллэж эхлэв?

 

-Би боксын спортоор хичээллээд есөн жил болж байна. Аварга дээд сургуулийн спорт тоглоомын ангид сурч байхад манай ангийн нэг охин бокс тоглодог байсан. Нэг өдөр найзыгаа дагаад “Ширэн бээлий” клуб дээр очтол Д.Төрбат багш намайг 60 кг-ийн жинд бэлтгэл хийхийг зөвлөсөн. Гэхдээ би анх боксын бэлтгэл хийхдээ ямар ч зорилгогүй байсан. Эхний гурван жил бэлтгэл бараг хийдэггүй, сагс тоглох л сонирхолтой. Улсын аварга шалгаруулах тэмцээн болохоос сарын өмнө очоод бэлтгэл хийгээд, хожиж хожигдоод явдаг байсан. Эхэндээ би маш их шантардаг байсан. Боксоор хичээллэхээ болих гэж олон удаа оролдож, өөр зүйл хийдэг байсан. Тэр болгонд Төрөө багш маань хүрээд ирээ, бэлтгэлээ хий гэж араас дууддаг байлаа. Өнөөдрийг хүртэл тууштай байгаагийн бас нэг шалтгаан нь Төрөө багш маань. Одоог хүртэл хамт байгаа миний анхны багш. Тэр хүн миний аав шиг л араас минь явж, байнга зааж зөвлөдөг.

 

-Тэгвэл зүгээр сонирхож очсон боксдоо хэзээнээс шунан дурлав? Яагаад өнөөдрийг хүртэл хүч хөдөлмөр гаргаж хичээллэв?

 

-Би 2015 оноос тууштай бэлтгэл хийж эхэлсэн. Гэтэл тэр жилдээ улсын аваргаар өөрийн жингийн Эрдэнэтуяад хожигдчихсон. Тэгээд түүнийг хождог болоод боксыг орхино гэж боддог байлаа. Гэтэл Э.Эрдэнэтуяаг хождог болоод зогсохгүй 2017 онд үндэсний шигшээ багт орсон. Үндэсний шигшээ багт орсноосоо хойш бүр тууштай болж, илүү хичээдэг болсон. Олон орны тамирчдыг харж, тэдэн шиг мундаг болохыг хүсч, 2017 оноос боксдоо эргэлт буцалтгүй гүнзгий орсон доо. Хүн дагаж яваад сонирхоод л оччихсон би Улсын аваргын тэмцээнд түрүүлнэ, шигшээ багт орно гэж зүүдэлж ч байгаагүй.

 

-Хэдэн удаа улсын аварга болсон вэ?

 

-2016 оноос дөрвөн удаагийн улсын аварга болсон.

 

-Олон улсын тэмцээнүүдийн тухайд. Ямар тэмцээнүүд хэрхэн амжилт гаргав?

 

-Киргизийн тэмцээнд түрүүлсэн. Казахстаны тэмцээнээс мөнгөн медаль авсан. Казахстаны тэмцээн их хэцүү байсан. Улаанбаатараас Баян-Өлгий хүртэл онгоцоор нисч, цаашаа машинаар нэлээн адал явдалтай явж очсон. Ханиад хүрч халуурсан хүн л рингэд гарсан. Нутгийн дэвжээн дээр нь залуучуудын дэлхийн аваргыг нь хожсон тэмцээн болсон.

 

-Багш нарынхаа тухай ярилцах уу?

 

-Хамгийн анх Д.Төрбат багш маань намайг “өлгийдөж” авсан. Одоо ч хамт байдаг. Багш маань миний нүднээс надад ямар асуудал байгааг мэддэг. Сэтгэл санаа ямар байгааг, унтаж амарч чадсан эсэхийг нүднээс л мэддэг болсон. Би багшдаа хайртай. Миний аав шиг л байдаг. Хайрлана, хааяа загнана. Мөн шигшээ багийн Буянжаргал багш маань байна. 2015 оноос Буянаа багшаа таньдаг болж, тэмцээн уралдаанд хамт явж, миний найз шиг, ах шиг байж чаддаг. Бас Ш.Ганбаа багш маань надад маш их юм заасан. Хөл дээрээ орж гарах, цээжний хөдөлгөөн зэргээр олон зүйлийг зааж өгсөн.

 

-Эмэгтэй боксчин байхын хэцүү нь юу вэ. Бас давуу талын тухайд?

 

-Гэр бүлийнхээ бахархал болж чадсан. Манай эрэгтэй дүү миний үнэнч фэн. Дээр нь биеэ хамгаалах чадвартай болно. Эмэгтэй хүний бие галбир гоё болдог гээд олон давуу талыг тоочиж болно. Сул хэцүү тал ч цөөнгүй. Маш өндөр ачаалал авна. Ил, далд уйлах үе зөндөө байдаг. Гэмтэл бэртэл авна. Хамар хугарах, гар хуруу эвэрших зэргээр гоо сайхан ч алдагдана.

 

 

-Ээжийнх нь эсэргүүцэл энэ бүхэнтэй холбоотой юм болов уу?

 

-Манай ээж цэргийн хүн. Эрүүл саруул төрүүлж өсгөсөн охиноо гэмтэж бэртсэн, мэдрэл муутай хүн болгомооргүй байна гэж их өндөр дуугаар хэлж байсан удаатай. Нэг талаас ээж эсэргүүцэж, нөгөө талаас Төрөө багш бэлтгэлээ хий гээд нэг хэсэг би яахаа мэдэхгүй болсон. Тэгээд би ээжээсээ нууцаар бэлтгэлдээ явж эхэлсэн. 2016 онд Улаанбаатар цом-д түрүүлж, 2017 онд шигшээ багт орсноос хойш ээж дургүйцэхээ больж, хүлээн зөвшөөрсөн байх. Бэлтгэлээ сайн хий гэдэг болсон.  

 

-Танай нөхөр бас спортын хүн гэсэн үү?

 

-Бид “Ширэн бээлий” клубт хамт хичээллэдэг байхдаа танилцсан. Спортын хүн учраас илүү сайн ойлгодог. Гэр бүлийн асуудал нэлээд хойш тавигддаг ч нөхөр маань ойлгодог болохоор асуудалгүй.

 

-Олимпийн эрх авах бол эхний даваа. Одоо оролцох цаашлаад амжилт гаргах гэдэг илүү том даваа хүлээж байна. Ямар зорилго, тактик боловсруулж байгаа вэ?

 

-Дэлхийн чансаанаас харахад 3-4 боксчинтой гар зөрүүлээд үзсэн байсан. Тамирчдын тоглолтын бичлэгийг үзэж судална. Төрөө багштайгаа ярилцсан. Буянаа багш, боксын холбооныхонтойгоо хэрхэн тоглох талаараа ярилцана. Багш нартайгаа маш сайн тулж ажиллана. Толгойд маш олон зүйл бодогдож байна. Би Монгол Улсаа төлөөлж олимпийн наадамд оролцох учраас маш хариуцлагатай байх ёстой. Бэлтгэлийн хором мөч бүрийг чухалчилж, сахилга баттайгаар бэлдэнэ.

 

Дашрамд, Монголын боксын холбоодоо, багш нартай маш их баярлаж явдгаа хэлмээр байна. Боксын холбоо, багш дасгалжуулагч нар маань ямар тэмцээнд хэнийг явуулбал илүү амжилт гаргахыг нарийн тооцож, судалдаг. Боксын спортын төлөө маш олон хүн ажиллаж, хичээж байгаа.

 

Ярилцсанд баярлалаа, спортын өндөр амжилт хүсье.

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ёстой мундаг! Олимпийн эрх авна гэдэг бол од атгасан гэсэн үг!! Амжилт!!!!!!!!!
2021-03-21
Hend heregtein be ene olimp ene teriin erh. yadarsan ardiin amidrald yamar heregtei yum. yadarsan ardad ochih yostoi tusviin mungnuus l husaj gadaad dotood yavj bgaa shd ee ene tamirchid. Ih sport ene ter gedeg eliirlee bolitsgooo, Niitiin byen tamiriig hugjuulee.
2021-03-21
Caйхан монгол бүсгүй бн. Нөхөр нь ямар их азтай хүүр вэ чи ийм гоё амьтан тэврээд. Тоглосон юмаааа. Аз жаргал амжилт олимпийн алт аваад ирээрэй сайхан амьтан минь.
2021-03-21
Caйхан монгол бүсгүй бн. Нөхөр нь ямар их азтай хүүр вэ чи ийм гоё амьтан тэврээд. Тоглосон юмаааа. Аз жаргал амжилт олимпийн алт аваад ирээрэй сайхан амьтан минь.
2021-03-21
Амжилт ерөөе. Бэлтгэлээ тохируулж сайтар базаагаарай.
2021-03-21
Aajaa aajaa amjilt.
2021-03-21