Ж.Гүррагчаад Александр Невскийн одонг өнөөдөр гардуулна

img

ЗХУ, БНМАУ-ын сансрын хамтарсан нислэгээр Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ой өнөөдөр тохиож байна. 1981 оны гуравдугаар сарын 22-ны энэ өдөр Байконурын сансрын буудлаас БНМАУ-ын сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисэгч Владимир Жанибековын хамт "Союз-39" хөлгөөр сансарт хөөрч "Салют-6" сансрын станцтай холбогджээ. В.Жанибеков, Ж.Гүррагчаа нар сансарт 7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, дэлхийг 124 удаа тойрсны дараа эх дэлхийдээ амжилттай газардсан юм.

 

 

Монгол Улсын баатар, ЗХУ-ын баатар, хошууч генерал, "Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн Ерөнхийлөгч, сансрын нисгэгч, Жүгдэрдэмидийн Гүррагчааг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зарлиг гаргаж "ОХУ болон Монгол Улсын хоорондын иж бүрэн түншлэлийг хөгжүүлэхэд гавьяа байгуулсных нь төлөө Александр Невскийн одонгоор шагнахаар болсон талаар өмнө нь мэдээлсэн.

 

Шагналыг ОХУ-ын Төрийн дээд шагнал Александр Невскийн одонг ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов өнөөдөр “Русский Дом в Улан-Баторе” (хуучнаар ОШУСТ)-д болох Хүн төрөлхтөн сансарт ниссэний 60 жил, монгол хүн сансарт ниссэний болон Зөвлөлт-Монголын сансрын хамтарсан нислэгийн 40 жилийн ойд зориулсан “Хүн-эх дэлхий-сансрын уудам” сэдэвт Орос-Монголын хамтарсан үзэсгэлэнгийн нээлтийн ёслолын үеэр гардуулах юм.  Ж.Гүррагчаа ОХУ-ын төрийн дээд шагнал Александр Невскийн одонгоор шагнагдсан анхны монгол хүн болж байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Жүгдэрдэмидийн Гүррагчаа сансарт ниссэн анхны Монгол, Ази тивийн 2 дахь, дэлхийн 101 дэх хүн хэмээн сансар судлалын түүхэнд бичигдсэн билээ.

 

Энэхүү тэмдэглэлт үйл явдал нь Монгол Улс сансрын уудамд техникээ гаргаж туршсан дэлхийн тав дахь орон, сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон, өөрийнхөө сансрын нисгэгчийг нисгэсэн дэлхийн арав дахь орон болж, түүхэнд нэрээ мөнхөлсөн байдаг юм.

 

Ж.Гүррагчаа 1947 онд Булган аймгийн Гурванбулаг суманд төрж өссөн.  1966 онд цэргийн албанд татагдаж, 1971 онд ЗХУ-ын Фрунзе хотын нисэхийн дамжаанд суралцсан бөгөөд 1973 онд Москва хотод Жуковскийн нэрэмжит Агаарын цэргийн академид суралцан төгсчээ. Тэрбээр 1978 оноос ЗХУ-д Юрий Гагарины нэрэмжит Сансрын нисэгчдийг бэлтгэх сургалтын төвд М.Ганзоригийн хамтаар бэлтгэгдэж эхэлсэн байна. Энэ үед Ж.Гүррагчаа ардын армийн ахмад цолтой байжээ.

 

Түүнийг сансарт ниссэнийхээ дараа ЗХУ-ын баатар, БНМАУ-ын баатар цолоор шагнасан юм. Ийнхүү эх орныхоо алдрыг сансрын уудамд тамгалсан Ж.Гүррагчаа болон түүнтэй хамт сансарт нисэх бэлтгэл сургуулилт хийж байсан Майдарын Ганзориг нарыг “Сансрын нисгэгч” гэдэг эрхэм хүндтэй нэр алдраа түүхийн хуудаснаа бичин тунхагласан гавьяатай.

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ