Эрүүлжүүлэхээр үйлчлүүлэгчид жилд 246 сая төгрөгийн “орлого” төвлөрүүлдэг


Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах, өөрийгөө хянах чадваргүй болсон үедээ л хүн зүй зохисгүй үйлдэл гаргах, бусадтай маргалдаж, хүний биед халдах, жолооны ард суух гээд болохгүй, бүтэхгүйн хязгаарыг давж, хэтрүүлдэг. Энэ бүхний эцэст сонголтгүйгээр эрүүлжүүлэх байранд эрээн даавуу нөмрөөд хононо. Тэндээс согтуу эрчүүдийн хараал урсгасан маргаан, эмэгтэйчүүдийн эв хавгүй эршүүд яриа хангинана.
Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр энгийн өдрүүдэд эрүүлжүүлэгдэх хүмүүсийн тоо 180-200 орчим байдаг аж. Үүнийг гуравдугаар сарын сүүлийн долоо хоногийн статистик мэдээнээс харж болно.
Гуравдугаар сарын 9-нд: 252
Гуравдугаар сарын 10-нд: 222
Гуравдугаар сарын 11-нд: 212
Гуравдугаар сарын 14-нд: 210
Гуравдугаар сарын 15-нд: 210
Гуравдугаар сарын 16-нд: 195
Гуравдугаар сарын 17-нд: 231
Гуравдугаар сарын 21-нд: 197 хүн тус тус эрүүлжүүлэх байранд саатуулагджээ.
Харин баярын үед энэ тоо нэмэгдэж 230-270 болдог байна. Тухайлбал,
Гуравдугаар сарын 8-нд: 253
Гуравдугаар сарын 18-нд 299 болж эрүүлжүүлэх байрны ачаалал нэмэгдсэн байна.
Тэгэхээр Улсын хэмжээнд хоногт хамгийн багадаа 150 хүн эрүүлжүүлэх байраар үйлчлүүлдэг гэж тооцвол жилийн 365 хоногт 54 мянган хүн энэ байранд хоноод явдаг байх нь. Хоногт эрүүлжүүлэгдэж байгаа хүмүүсийн 18-25 эмэгтэйчүүд байдгийг цагдаа алба хаагч хэллээ.
Эрүүлжүүлэгдсэн нөхдүүд ихэвчлэн охид бүсгүйчүүдийг айлгаж, ичээсэн, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой зөрчил гаргасан шалтгаанаар саатуулагддаг байна. Мөн 22.00-.06.00 цагийн хооронд буюу шөнийн цагаар архидан, согтуурч бусдын амгалан тайван байдал алдагдуулах зөрчил их гаргадаг аж.

Эрүүлжүүлэх үйлчилгээний хоногийн төлбөр нэг хоногийн 4150 төгрөг байдаг. Гэхдээ зөрчлийн төрлөөс хамаарч төлбөрийн хэмжээ өөр байна. Тухайлбал согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийг 100 мянган төгрөгөөр торгож эрүүлжүүлдэг хуультай.
Эрүүлжүүлэх байрны үйлчилгээний төлбөрийг Төрийн санд байршуулдаг аж. Эргээд эрүүлжүүлэх байранд ариутгал халдваргүйжүүлэлт хийхэд ашиглах цэвэрлэгээний материал, "Ковид-19" халдвараас урьдчилан сэргийлэх ариутгал зэрэгт ашиглаж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл нэг согтуугийн төлсөн төлбөрийг өөр нэг согтуугийн үйлчилгээнд зарцуулж байна.
Дахин тоо бодвол жилд 54 мянган хүн эрүүлжүүлэх байраар үйлчлүүлж хүн бүр 4500 төгрөг төлдөг гэвэл жилд 246 сая 375 мянган төгрөг Төрийн санд шилжиж байна.
Улсын төсөвтөө хувь нэмэр оруулж буй эрхэм хүндэт “согтуучууд”-даа талархах ёстой юу?. Ухамсаргүй үйлдэлдээ цэг тавьж чадахгүй, ухаарч дуусахгүй уусаар яваа мунхаглалд харамсах уу?
Б.Итгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ