Ипотекийн зээлийн хүүг 3 хувь болгох нөхцөл хязгаарлагдмал байна

Ипотекийн зээлийн хүү, түүний шалгуур, эргэн төлөлтийн талаар Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын хэлтсийн захирал П.Мөнхбаяраас тодрууллаа.
Цар тахлын энэ үед хэдэн зээлдэгчийн орон сууцны ипотекийн хөтөлбөрийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан бэ?
-Цар тахлын хүндрэлтэй энэ үед иргэдэд учрах эдийн засгийн хүндрэлийг бууруулах, зээлийн чанар муудахаас сэргийлэх зорилгоор орон сууцны ипотекийн хөтөлбөрийн зээлийн эргэн төлөлтийг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулах арга хэмжээг Монголбанкны зүгээс авч хэрэгжүүллээ.
Банкууд зээлдэгчдээс ипотекийн хөтөлбөрийн зээлийн эргэн төлөлт хойшлуулах хүсэлтийг цахимаар буюу банкны гар утасны апликэйшн, цахим хуудас, утас зэрэг хэрэгслээр халдварын үед иргэдэд хүндрэл учруулахгүй байдлаар 2021 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хүлээн авч шийдвэрлэж ажиллав.
Үр дүнд нь хөтөлбөрийн хүрээнд зээлийн үлдэгдэлтэй нийт 77,147 зээлдэгчээс 55,741 зээлдэгч эргэн төлөлт хойшлуулах хүсэлт гаргаснаас 55,676 зээлдэгчийн 2.9 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй буюу нийт ипотекийн хөтөлбөрийн зээлийн багцын 80 хувьд зээлийн эргэн төлөлтийг хүү хуримтлуулж тооцохгүйгээр 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулав.
Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн журманд өөрчлөлт оруулж, жилийн хүүг нь 6 хувийн зээл олгож эхэлснээс хойш хэдэн хүнд, хэчнээн төгрөгийн санхүүжилт олгоод байгаа вэ?
-Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн журамд өөрчлөлт орж, 2020 оны 10 дугаар сарын 1 –ний өдрөөс өмнө авсан зээлийн жилийн хүүг 8 хувь, 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн авах зээлийн жилийн хүүг 6 хувь байхаар тогтоосон. Уг шинэчлэгдсэн журам хэрэгжиж эхэлсэн өдрөөс хойш 2021 оны 2 дугаар сарын эцсийн байдлаар 211.5 тэрбум төгрөгийн зээлийг 2,918 зээлдэгчид олгоод байна.
Он гарсаар хэдэн иргэн орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргасан байна вэ? Сард дунджаар хэдэн иргэн орон сууцны ипотекийн зээлд хамрагдаж байна вэ?
-Коронавируст халдварын цар тахлын тохиолдлууд Монгол Улсад илэрч эдийн засгийн хүндрэлтэй цаг үед эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн амьдралд дэмжлэг үзүүлэх хүрээнд Монголбанкнаас 2021 онд олгогдох хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийн санхүүжилтийг 700 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлж олгохоор ажиллаж байна. Энэ нь өмнөх 3 жилийн дунджаас 2.3 дахин нэмэгдүүлсэн дүн бөгөөд ойролцоогоор 10,000 зээлдэгч хөтөлбөрт хамрагдах юм.
Өмнөх оныхтой харьцуулахад орон сууцны ипотекийн зээлийн хүсэлт гаргаж байгаа иргэдийн тоо нэмэгдсэн үү?
-Хөтөлбөрийн хүрээнд энэ оны эхний 3 сард нийт 166.7 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг орон сууцны ипотекийн зээлд хуваарилсан. Банкуудтай хамтран хөтөлбөрийн зээлд хамрагдах хүсэлттэй байгаа иргэдийн мэдээллийг тогтмол авж байна. Энэ онд олгох санхүүжилт өмнөх 3 жилийн дунджаас 2.3 дахин нэмэгдсэн тул иргэдийн хүсэлтийг хангалттай шийдвэрлэнэ.
Банкуудын эх үүсвэрээр олгогдсон орон сууцны зээлийг ипотекийн 6 хувь болгон шилжүүлэх боломжтой юу? Үүнд ямар журам хэрэгждэг вэ?
-Монголбанкны 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр батлагдсан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ын дагуу хөтөлбөрийн зээлд хамрагдаж болно. Банкны эх үүсвэрээр хөтөлбөрийн хүрээнд 6 хувьруу шилжих боломжтой. Харин Монголбанкны эх үүсвэрээр зөвхөн шинэ зээлийг санхүүжүүлж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд дараах ерөнхий шаардлагыг тавьж байгаа. Үүнд:
-
Монголбанкны эх үүсвэрээр олгох зээлийн дээд хязгаар нэг зээлдэгчид 100 хүртэл сая төгрөг /Арилжааны банкны эх үүсвэрээр олгогдох зээлийн дээд хязгаарыг тухайн банк тогтооно/,
-
Худалдан авах нийтийн зориулалттай орон сууцны талбайн хэмжээ 80м2-аас ихгүй,
-
Өр орлогын харьцаа нь өрхийн татварын өмнөх орлогын 45 хувиас хэтрэхгүй байх,
-
Урьдчилгаа төлбөр 30-аас доошгүй хувийг санхүүжүүлэх чадвартай байх,
-
Урьд нь ипотекийн зээлд үндсэн зээлдэгчээр хамрагдаж байгаагүй байх, хэрэв зээлд хамтран зээлдэгчээр хамрагдаж байсан бол ипотекийн зээлийн өрийн үлдэгдэлгүй байх эсхүл хамтран зээлдэгчийн үүргээс гарсан байх,
-
Банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх.
Цахим орчинд орон сууцны ипотекийн зээлийг 6-3 хувь болгож бууруулж байгаа гэсэн мэдээлэл гарч байна. Энэ үнэн үү? Бууруулах боломжтой юу?
-Одоогийн эдийн засгийн нөхцөл байдалд жилийн 6 хувь гэдэг нь хангалттай хөнгөлөлттэй хүүтэй зээл бөгөөд үүнийг 3 хувь болгож бууруулах нөхцөл хязгаарлагдмал юм.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ