Ардчилсан намын шинэ даргад дайх ард түмний захиас

img

Улс төрийн нэгэн том хүчний орон зай энэ цаг үед ихээхэн гэж хэлэх ч багадахаар их үгүйлэгдэж байна. Аюулт цар тахал айл айлын хаалгыг тогшиж, эрүүл мэндийн салбар нь эрээвэр хураавар, эдийн засаг уруудан доройтсон, Улсын онцгой комисс, Засгийн газар нь удирдах ухаан дутаж, алдаагаа бие бие рүүгээ чихэж, арьсаа хамгаалсан нэг нь хэдийнэ нөхдөө зольж, нүүр буруулан зугтлаа.

          

                                      

Үүнээс илүү эмгэнэлтэй нь улсын хувь заяаг түшилцэж, ухаан уралдуулж, бодлого мэтгэлцэх ёстой, хариуцлагатай сөрөг хүчний ончтой мэргэн сургааль, шүүмж, алдаа хаана байгааг заагаад хэлдэг, алдаа гаргасан эрх баригчийг загнаад чичилдэг, мэдсээр байж будилсан мулгуу нөхдөд хариуцлагыг нь үүрүүлж чаддаг, хүч нөлөөтэй сөрөг хүчин байж үл чадаж байгаа явдал.

 

Би, чи гэж буруу харж суугаагүйсэн бол өнөөдөр хямралын менежментийг Ардчилсан нам хэрэгжүүлж байх ч боломж байсан. Дөрвөн жилийн өмнө үүтгэсэн тэр алдааг бүү давтаарай, дахин нэгтгээрэй гэсэн захиасыг Ардчилсан намын жирийн гишүүд, дэмжигчид энэ удаа нэр дэвшиж буй дөрвөн залууд хамгийн их дайжээ. 

 

Энэ удаагийн намын даргыг сонгох сонгуульд нэг сайн зүйл байна. Хэн нь ч ялалт байгуулсан байлаа гэсэн нэр дэвшигчдэд авч салан тусгаарлах “хэлтэрхий” Ардчилсан намд одоо бараг үгүй билээ. Тэдний өмнө гагцхүү эвлүүлж нэгтгэх үй олон хэсгүүд л бий. Энэ бол заавал бүтээх ёстой даалгавар.

 

Гэхдээ, Ардчилсан нам сайн сөрөг хүчин, цаашлаад сайн эрх баригч болоход дотоод эв нэгдэл дангаараа хангалтгүй. Зөвхөн сонгуулиар амь орж, ам нийлүүлдэг нам биш өдөр бүр ард түмний дэмжлэгийг авдаг, даадаг улс төрийн хүчин байх учиртай. Энэ бол тэдний эцсийн зорилго. Үүнд хүрэхэд буюу ард түмний дэмжлэгийг авахад намын удирдлагуудаас менежментийн маш нарийн, нямбай ур чадвар, ухаалаг үйлдлүүдийг шаардах болно. Ялангуяа цар тахал, хямралын үед …

 

Ирэх жилүүдэд монголчуудын хувьд маш хүнд сорилттой тулгарах нь нэгэнт тодорхой боллоо. Нэн тэргүүнд, эрүүл мэндийн салбарыг өөд татах дорвитой ажил эхлүүлэхгүй бол болохоо байж гэдгийг цар тахал нүднээ ил болгон харууллаа. Халдварын үед хамгийн чанга дэглэм, дүрэм баримтлах ёстой эмнэлгүүд, тэр дундаа төрөх эмнэлгүүд, хавдар судлалын үндэсний төвийн эмч, ажилтан, албан хаагчид халдварын голомт болсноор өвчтөнүүддээ хөнөөлт вирүс халдааж нэг, өвдсөн иргэдээ эмчлэх боломжгүй болтлоо хөл хоригдож нэг эрсдэлд оруулсан нь тун ч хариуцлагагүй явдал. Энэ бүхний ард Засгийн газар бүтэн жилийн турш эмнэлэг, эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангах тал дээр туйлаас хангалтгүй ажилласныг, эсхүл ажиллаагүйн илрэл, шинж тэмдэг энэ.

 

Хоёрдугаарт, боловсролын салбарт нөхөхөд тун бэрхтэй хоёр “харанхуй” жилийг үдэх гэж байна. Эрх баригчид өөрсдийн нэрийг яаж цэвэрхэн авч үлдэх вэ, намынхаа даргыг Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн өндөр рейтингтэй оролцуулах вэ гэж л хичээж байгаагаас бус гэрээр олж авч байгаа бүх түвшний боловсролын чанарыг яаж сайжруулах вэ гэдэг дээр ямар шийдэл, бодлого гаргасангүй. Сурагчид, оюутнууд ирээдүйд аль хэдэн жилийн өмнөөс дижитал шилжилтэд орчихсон, цар тахлын дараа шинэ нормалд дасан зохицсон бусад орны хүүхдүүдтэй яаж өрсөлдөх вэ?

 

Гуравдугаарт, цар тахал монголын гэлтгүй дэлхийн бүх улс орнуудын дундаж давхаргын хэтэвчийг хамгийн их хэмлэлээ. Монголоос ялгаатай нь бусад орны Засгийн газар дундаж давхаргаа хамгаалж, олон удаагийн тэтгэмж олгосноор цар тахлын дараа эдийн засаг нь огцом сэргэлт үзүүлэх боломжтой болж байна. Америк, Хятадад эхнээсээ эдийн засгийн өсөлт нь эрчимжээд эхэлсэн. Гэтэл Монголын эдийн засаг 5.3 хувиар агшаад байгаа нь адилхан цар тахалд нэрвэгдсэн улсуудтай харьцуулсан ч хэд дахин муу үзүүлэлт. Гадаад өр төлбөрийн өндөр дарамт, түүний эргэн төлөлт ирэх жилүүдэд хүлээгдэж байна. Эдийн засгаа сэргээх, иргэдээ ажлын байраар хангах, үйл ажиллагаа нь зогссон аж ахуйн нэгжүүдээ дэмжих, хөрөнгө оруулалт татах, гацсан төслүүдээ эхлүүлэх цаг алдаж болохгүй ажлын ард засаг төр гарах шаардлагатай байна.

 

Эрх баригчид эдийн засгийг эрчимжүүлэх 10 их наядын хөтөлбөрийг зарласан ч тэр нь хаана, хэнд ямар нөлөө үзүүлэхийг мэдэж, тооцсон зүйл нэгээхэн ч алга. Өмнө нь 5.1 их наядын хөтөлбөр хэрэгжүүлнэ гээд чадаагүй тэд энэ удаад ч үүнийг хийчихнэ гэх итгэл үнэхээр алга. Хийсэн ч энэ их мөнгө Ардын намын “том халаас”-нд л орох төлөвтэй. Харин жинхэнэ бизнес эрхлэгчид, ЖДҮ эрхлэгчид, эдийн засгийн эд эсүүдэд хүрэх боломжгүй саад, тээгийг хөтөлбөртөө албаар оруулжээ.

 

Энэ бүх алдаа завхралыг засах, өөрчлөх эрмэлзэлгүй, тодорхой санаачилгагүй, тэвчиж хүлцдэг Ардчилсан нам ард түмний дэмжлэгийг авч чадахгүй гэдгийг “шинэ дарга” хатуу ухамсарлах ёстой. Харин эсрэгээрээ өөрийн гэсэн хөтөлбөртэй, түүнийгээ дуу нэгтэйгээр хэрэгжүүлэх эв нэгдэлтэй бол гарцаагүй ард түмний дэмжлэгийг хүртэнэ. Шуудхан хэлэхэд, Ардчилсан намаас эрүүл мэнд, боловсролын салбарын шинэчлэлийг, эдийн засгаа хамгаалах бодлогыг ард түмэн шаардаж байна. Үүнийг зүгээр л нэг Харвардын курс төгссөн хүн хийчихдэггүйг цар тахал бас харууллаа. Харин тогоон дотор буцалж, туршлагажсан нэгэн л хийдэг аж.

 

Намын бодлого төрийн бодлого болдог учиртай тул хоосон уриа, гоё нэрээр нүглийн нүдийг хуурах гэж оролдвол эрх баригчдаас ялгарах юмгүй болно. Тиймд намын дарга өөрөө эдийн засаг, зах зээлийн бүтэц, үйл ажиллагааг нарийн нямбай мэддэг; төсөв, мөнгөний бодлогыг доторлосон; ажлын байр бий болгогч, баялагч бүтээгч, бизнес эрхлэгчидтэй ойр дотно харилцаатай, тэдний зовлон шаналлыг ойлгож, үгийг нь сонсдог хүн байх учиртай. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болсон хойно оо ч болов үүнийг хийх гэж оролдож, салбар салбарынхантай уулзаж байгаагаараа У.Хүрэлсүхээс дээр мэт боловч хэтэрхий оройтсон, бас төрийн хариуцлагатай албыг хаших хангалттай боловсорсон хүн биш болох нь үүнээс харагдана. 

 

Ардчилсан намын дарга харин хэрхэвч ийм алдааг давтаж болохгүй. Харин эсрэгээрээ бэлтгэгдсэн хойноо л намын даргын сонгуульд өрсөлдвөл зохино. Үнэхээр л Ардчилсан нам төрийн эрхийн төлөө сонгуульт өрсөлдөөнд ордог нам мөн л юм бол ийм дутагдал харуулж болохгүй.

 

Б.Булган

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
АН нам гэж том сөрөг хүчний бодлого орон зай асар их дутагдаж бн Хоёр том дарангуйлагч системтэй гүрнүүдийн дунд бид чинь ардчилсан улсаа байгуулж,үндсэн хуулиараа баталгаажуулсан улс ,Одоо коммунистнамыг толгой дээрээ ямар ч хяналтгүй залчихсан,ардчилал аюултай байдалд ороод бн шүү,
2021-03-24