ВИДЕО: Японых шиг хүчтэй газар хөдлөлт манайд ч бүртгэгдэж байгаа

Монгол Улсад он гарснаас хойш нийт 58 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Үүнээс хүнд мэдрэгдэм хүчтэй буюу магнитуд нь 3.5-аас дээш газар хөдлөлт 14 удаа болжээ.
ШУА-ын Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлалын салбар (ГХСС)-ын дарга доктор, дэд профессор М.Өлзийбат “Монгол орон Төв, Азийн газар хөдлөлтийн өндөр идэвхжилтийн бүс нутагт багтдаг. Энэ оны нэгдүгээр сарын 12-нд Хөвсгөл аймагт 6.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Мөн саяхан Япон улсад 6.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Энэ газар хөдлөлтийн улмаас найман хүн нас барсан. Хэрэв Ханх суманд олон байшин барилга, хүн амын нягтаршилтай байсан бол хохирол амсах байсан.
Японд болж буй шиг хүчтэй газар хөдлөлт манайд болж байна. Гэхдээ манай улсын хувьд хүн ам харьцангуй бага учраас хохирол бага байгаа юм. Сүүлийн үед хүн амын нягтаршил маш их өсч байгаа. Зөвхөн Улаанбаатар хотод нийт хүн амын тал хувь нь амьдарч байна.
Тэгэхээр аюул учруулж болохуйц хүчтэй газар хөдлөлтүүд болоод байна. Тиймээс газар хөдлөлтийн аюулаас сэргийлж, учирч болзошгүй гамшгийг тооцолж хот суурин газраа зөв төлөвлөж байшин барилгаа барих нь чухал асуудал болоод байна" гэлээ.
Тэрбээр газар хөдлөлтийг хэн ч урьдчилан хэлж чадахгүй гэдгийг онцлов.
Б.Итгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ