Навальныйн төлөөх жагсаалд 150 мянган хүн оролцоход бэлэн

Оросын сөрөг хүчний улс төрч Алексей Навальныйн багийнхан дахин олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар төлөвлөжээ. Улмаар тэд иргэдэд хандан уриалга гаргасныг Оросын олон нийт ихээр дэмжсэн талаар DW мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, гуравдугаар сарын 24-ний өглөөний байдлаар Навальныйн багийнхны тусгай сайтад байрлуулсан "Навальныйг чөлөөл" жагсаалын уриалгад 150 мянган хүн бүртгүүлжээ. Эсэргүүцлийн жагсаал нь кампанит ажлын олон зорилтуудын ердөө нэг нь гэдгийг Навальныйн багийнхан онцолсон байна. Түүнчлэн жагсаалд оролцохоор төлөвлөж байгаа хүмүүс өөрийн амьдардаг хотыг цахим газрын зураг дээр тэмдэглэхийг хүсчээ. Жагсаалыг зохион байгуулах огноог оролцох хүсэлтэй хүмүүсийн тоо хагас саяд хүрсний дараа тодорхой болгох аж.
Эргэн сануулахад, Оросын сөрөг хүчний улс төрч Алексей Навальный өнгөрсөн оны наймдугаар сард Орост хордон, бие нь муудаж, улмаар Германд эмчлүүлж байгаад энэ оны нэгдүгээг сарын 17-ны өдөр Москвад эргэн ирсэн юм. Түүнийг онгоцны буудал дээрээс саатуулан, хоёрдугаар сарын хоёрны өдөр шүүх хурал нь болж, тэнсэн харгалзах ялын нөхцлийг зөрчсөн гэж буруутган 2 жил 6 сарын ял оноосон.
Түүнийг ийнхүү хорих шийдвэр гарсны дараа нэгдүгээр сарын 23 болон 31-ний өдрүүдэд Оросын болон дэлхийн хотуудад Навальныйг дэмжсэн эсэргүүцлийн ажиллагаа болж, ОХУ-д олон мянган хүн баривчлагдаж байлаа. Хоёрдугаар сарын 14-ний өдөр Орос даяар дахин эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулсан юм.
ТОЙМ: Цойгийн дуун дор нэгдсэн нь буюу юу болоод өнгөрөв өө
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ