Ж.Эрдэнэбулган: Одоогийн хуулиар ҮХЦ бол шүүх мөн

img

УИХ-ын чуулганы үдээс хойшх нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар ҮХЦ-ийн гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. Хуульзүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт дүгнэлтийг танилцуулж байгаа юм. ҮХЦ-ийн гишүүн н.Солонго, Ш.Цогтоо нарыг чөлөөлж, Ж.Эрдэнэбулганыг томилох саналыг орууллаа. 

 

  Монгол Улсын Үндсэн хуулийн Жарантавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно” хэмээн заасан байдаг. Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.7-д “Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх, эгүүлэн татах хуульд заасан үндэслэл бий болсноос хойш 30 хоногийн дотор санал гаргах” бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан байдаг. Улсын дээд шүүхийн саналаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон хоёр гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан нэр дэвшүүлэх асуудлыг нээлттэйгээр зохион байгуулсныг танилцуулгад дурдав. 2021 оны гуравдугаар сарын 22-ны өдөр Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан болж, 18 хүн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлэх хүсэлт гаргажээ. Нийт нэр дэвшигчдийн хоёр нь төрийн албан хаагчийн насны дээд хязгаарыг давсан гэх үндэслэлээр оролцуулаагүй бол гурав нь нэрээ татсан байна. Ийнхүү дээрх хуралдаанаар 13 нэр дэвшигч өрсөлдөж, Жуужаагийн Эрдэнэбулган нь хамгийн олон санал авсан  гэв. Иймд Улсын дээд шүүхээс Жуужаагийн Эрдэнэбулганыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилуулахаар саналаа хүргүүлжээ.

 

 

    Нэр дэвшигч Жуужаагийн Эрдэнэбулган нь 1970 онд Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн. 51 настай, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Тэрбээр 1988 онд Дундговь аймгийн I арван жилийн сургууль, 1994 онд МУИС-ийн Нийгмийн ухааны факультетийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн, 1995 онд хууль зүйн ухааны магистр, 2012 онд хууль зүйн ухааны докторын зэргийг тус тус хамгаалсан. Ж.Эрдэнэбулган нь 1988-1989 онд Дундговь аймгийн шүүхэд зарлага, нарийн бичгийн даргаар, 1995-2015 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийн Эрүүгийн эрх зүйн тэнхимийн багш, ахлах багш, дэд профессор, 2004-2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн сургалтын албаны эрхлэгч, 2012-2014 онд мөн сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, 2012-2015 онд мөн сургуулийн Ёс зүйн зөвлөх, 2013 оноос Монголын хуульчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Хуульчдын мэргэжлийн шалгалт хариуцсан хорооны дарга, гишүүн, 2015-2018 онд Нотариатчдын мэргэжлийн хорооны гишүүн, 2016 оноос МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, 2015 оноос одоог хүртэл МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрдмийн зөвлөлийн даргаар ажиллаж байгаа юм байна. Хэлэлцэж  байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

 

-ҮХЦ-ийн бага суудлын хуралдаан болж, Нанзаддорж, Д.Одбаяр, Ш.Цогт нар шийдвэр гаргасан гэсэн мэдээлэл гараад байсан. ҮХЦ-ийн шийдвэр юу болсон бэ? Ерөнхийлөгчийн сонгуулиар бүх зүйлээ нураах гээд байна. 

 

Хуульзүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт:

 

-Монгол Улсын Үндсэн хуулийн Жарантавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно” хэмээн заасан байдаг. Улсын дээд шүүхийн саналаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон хоёр гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан нэр дэвшүүлэн оруулж ирсэнийг байнгын хороо хэлэлцэн дэмжсэн.   

 

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

 

-Нэр дэвшигчийг дэмжиж байна. Хараат бусаар ажиллаж чадах хүн орж ирж байна. ҮХЦ гэдэг ямар байгууллага вэ? Үндсэн хуулийг тэнд байгаа 9 нөхөр манаж, хоточ  нохой шиг байх ёстой. УДШ сайн шалгарууллаа. Нөгөө талаараа аливаа гарсан шийдвэр тодорхой байх ёстой. Хэнийг төлөөлж, хэнийг явуулж байгаа юм. Өнөөдөр 1.4 жилийн хугацаа хэтэрсэн гэж байна. 

 

Нэр дэвшигч Ж.Эрдэнэбулган: 

 

-ҮХЦ өөрөө шүүх үү, үгүй юу гэдэг нь олон маргаантай. Одоогийн хуулиар ҮХЦ бол шүүх мөн. Үндсэн хуулийн биелэлт, заалтыг зөрчсөн тухай маргааныг шүүж байгаа. Үндсэн хууль зөрчсөн маргааныг иргэдээс гаргавал ҮХЦ шийдвэрлэнэ. ҮХЦ өөрөө маргаан гаргахгүй. ҮХЦ аливаа маргаанд шийдвэр гаргадаг. Гаргасан шийдвэр нь эцсийнх байдаг. Энэ үндэслэлүүдээр ҮХЦ шүүх гэсэн хандлага байдаг. 

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ