Б.Саран: Монгол хоолыг Европт сурталчлах холын аянд мордсон

Франц улсад сүшиний бизнесээ эхлүүлсэн Б.Саран захиралтай онлайнаар холбогдон ярилцлаа. Тэрбээр Frais Sushi, MGL sushi хэмээх Францын анхны био сүшиний сүлжээг нээж хилийн чанадад амьдарч буй 60 гаруй элэг нэгтнүүдээ ажлын байраар хангаж, тэдэнд бизнес эрхлэх гарцыг нь нээж өгчээ.
-Францад бизнес эхлүүлэхэд аргаа л олчихвол авлига, арын хаалга хэрэггүй-
-Юуны өмнө уншигчдад өөрийгөө танилцуулахгүй? Франц улсад хэдэн жил ажиллаж амьдарч байна вэ?
-Намайг Б.Саран гэдэг. Францад 2005 оноос хойш амьдарч байгаа. Ирснээсээ хойш энийг ч амжуулах гэж, тэрийг ч зохицуулахсан гэсээр эх орондоо нэг ч удаа очиж завдсангүй явсаар нэг мэдэхэд 15 жил өнгөрсөн байна. Би биеийн тамирын багш мэргэжилтэй. Энд ирэхээсээ өмнө ЕБС-д багшилдаг байлаа.
-Биеийн тамирын багш хэрхэн хилийн чанадыг зорьж, өөрийн бизнесийг амжилттай эхлүүлэв?
-Энд ирэхээс хоёр жилийн өмнө Монголд байхдаа бизнес эрхлэх гэж үзсэн. Гэвч тэр бизнес маань бүтэлгүйтсэн. Тэгээд өөрөө нэг их явахсан гэж зүтгээгүй ч санаандгүй байдлаар энд хүрээд ирсэн. Францад ирээд нийтийн жишгийг дагаад л амьдарч байлаа. Эхний таван жил нэг айлд ажиллаад бяцхан франц охиныг хоёр нас хүртэл нь өсгөлөө. Дараа нь Францын тусламжийн байгууллагад хоёр хүүхэдтэйгээ, гэр бүлээрээ ажиллаж байгаад бичиг баримттай болсон.
Ингээд Итали ресторанд тогооч хийлээ. Тэнд байр, орон сууц, тогтсон ажилтай бүх зүйл боломжийн байсан ч өөрөө юм хиймээр санагдаад Швейцарын хил дээр байрладаг сүшиний сүлжээ ресторанд ажиллахаар ирсэн. Тэнд хоёр жил ажиллаж байгаад өөрөө бизнес эхлүүлэх зориг төрөөд эрх хөөцөлдөж үзлээ. Хамт ажилладаг байсан Шриланк залуу хамтрах санал тавиад, санхүүгээ би гаргана гэхээр нь түүнтэй нийлээд сүшиний газраа нээлээ. Түүнтэй хүний нөөц, ариун цэвэр, маркетинг бүгдийг би хариуцна. Харин гагцхүү авч ажиллуулах хүмүүс нь дандаа Монгол байна шүү гэдэг хоорондын тохироо хийгээд эхэлж байсан. Тэр залуутай хамтарсан найман сарын хугацаанд нийт 10 салбар ашиглалтад оруулж 30 орчим хүнийг өөрөө сургаж, дадлагажуулж ажилд оруулсан.
Ингээд бизнес маань амжилттай явж байтал бид хоёрын буруугаас биш Монголчуудын хандлагаас болоод тохиролцоонд хүрээгүй учраас би тэндээс гарсан. Үүний дараа өөрийн сүшиний газраа нээхээр зориглолоо. Европт био дэлгүүр, био хүнс өргөн дэлгэр болчихсон. Хаана ч л гэсэн био хүнс гээд жижиг дэлгүүр, тасаг байдаг боллоо. Хүмүүсийн эрэлт хэрэгцээ хандлага био руу шилжээд байхаар нь би ч гэсэн био сүши нээж яагаад болохгүй гэж хэмээн бодоод зориглосон доо. Манай компани байгуулагдаад 3 жил гаран болж байна. Био сүшигээ нээгээд хоёр жил гаран болсон.
Манай MGL SUSHI аравдугаар сард нээгдсэн, харин FRAIS SUSHI наймдугаар сард нээгдэж байлаа. Францдаа нэлээд дээгүүрт тооцогддог сүлжээ компанитай гэрээ байгуулаад хамтарч ажиллаж байгаа. Ковид-19 халдвараас болоод 2020-2021 онд нээх дараа дараагийн салбарууд удааширчихаад байна.
-Хилийн чанадад амьдрах нэг өөр. Бизнес эрхлэх бүр өөр хэрэг. Францад бизнесийн орчин нөхцөл таатай юу?
-Авлига, арын хаалга гэх юм байхгүй. Тухайн хүн аргаа олоод, боломжоо гаргаад ирвэл зөвшөөрөл авах гээд авилга өгөх асуудал үгүй. Ер нь хүн өөрөө зоригтой, зорилготой л байвал хэцүү зүйлгүй. Гагцхүү тухайн хүний нягт нямбай, зөв зүйтэй хандлагаас л бизнес цаашид тогтвортой байх эсэх нь шалтгаална. Гэхдээ маш амархан бол бас биш. Дүрэм журам хуулиас эхлээд хүндрэлтэй зүйл бий. Бүх зүйл бичиг баримттай, нэг стандарттай, горимын дагуу байх ёстой гээд маш нарийн. Хүмүүс их амарханаар боддог. Сараа юм нээгээд байхад би яагаад чаддаггүй юм гээд төлөвлөлгүй, хийсвэрээр бодоод татварт нь унаж байгаа хүмүүс ч бий. Би их алдаж, олон янзаар үзсэн хүн.
Анх Францчууд маш нааштай хүлээж авсан шүү. Бусад сүшиг бодвол танайх маш гоё амттай, үзэмж сайтай. Танайхыг авах гэж холоос зорьж ирлээ гэх хүмүүс байдаг. Ер нь бизнест хөлөө олоход хамтарч байгаа баг маш сайн байх ёстой. Манай багт бага бэр буюу Аззаяа охин маань маш их үүрэг гүйцэтгэсэн. Охинтойгоо гар нийлж ажилласны үр дүнд өдий хэрийн амжилт гаргасан даа. Охин маань дөнгөж л 21 настайдаа компанийн гүйцэтгэх захирал хийгээд нягтлангаас эхлээд бүх л гэрээг гүйцэтгээд явж байна. Компанийн ажлыг хийхийн хажуугаар гурван охиноо өсгөж хүмүүжүүлээд бүхий л зүйлд ээжтэйгээ хамт байдаг даа. Би өмнө нь ганцаараа бизнес эрхэлж үзсэн. Гэхдээ бизнесээ тогтвортой байлгах гол үндэс сайн баг бүрдэх гэдгийг маш сайн ухаарсан. Баг сайн байж бизнес амжилттай явдгийг сайн ойлгосон.
-Таныг зөвхөн Монголчуудаа ажилд авдаг гэж сонссон?
-Манайх ганцхан Япон ажилтантай, үлдсэн 99 хувь нь Монгол залуус бий. Намайг анх ирж байхад хэлтэй, боловсролтой байсан ч ажил олдохгүй хэцүү байсан. Тиймээс монголчуудаа бичиг баримттай болгоход тусалж, ажлын байраар хангах зорилгоор энэ сүшиний рестораныг нээсэн. Цаашид заавал сүши гэхгүй могол хоол, бүтээгдэхүүнийг Франц руу оруулж ирэхийг зорьж байна. Би Монголыг хоолны брэндээр сурталчлахсан гэж их олон жил мөрөөдөж ярьсан. Маш мундаг тогооч залуутай холбоо тогтоогоод ажлаа эхлэх гэтэл халдвар, хөлхорионоос болоод тогоочоо авч чадахгүй хүлээгээд л байна. Хорио тавигдаж тогоочоо ирэхээр Монгол хоолыг Европт сурталчлах аянд мордоно гэж бодож байгаа.
-Дэлхий нийтийг хамарсан коронавирус таны бизнест хэрхэн нөлөөлөв?
-Манай 15-16 ажилтантай байсан. Ковидын үеэр бараг 50 хувь саарсан. Гэхдээ манайх хүнсний дэлгүүрт байрладаг учраас аль ч хүндрэлийн үед тэг зогсолт хийгээгүй. Мэдээж, Швейцартай хил залгаа байдаг болохоор хилээ хаах зэрэг хөл хорио тогтоохоор худалдан авалт багассан.
-Таны байгаа хотод коронавирусийн нөхцөл, байдал ямар байна вэ?
-Өдөрт 20-30 мянга гэж сонсогдож байгаа ч хэдэн зуун сая хүн амтай Улсын хувьд цочрохоо больсон. Миний эргэн тойронд байгаа хүмүүс халдвар аваад гэртээ тусгаарлагдаад 7 хоноод буцаад ажилдаа орж байна. Таньдаг хүмүүсээс өвдсөн. Дүүгийн маань эхнэр халдвар авсан ч дүү маань өвдөөгүй тохиолдол ч бий. Бидэнд дэлхий нийтээр хөл хориод байгаа нь хөдөлж болохгүй хэцүү байгаагаас биш эргэн тойрон амь эрсдээд байгаа зүйл алга.
-Ер нь Францад амьдрал ямар байна?
-Миний хувьд хүүхэдтэйгээ, нөхөртэйгээ, бэртэйгээ, гурван ачтайгаа сүшиний гурван салбараа ажиллуулаад тал тал тийшээ гүйгээд л байж байна. Уг нь 6-7 салбар нээсэн. Гэхдээ зарим хүчин зүйлээс шалтгаалаад гурвыг нь хаасан.
-Эх орноо санана биз?
-Саналгүй яах вэ. Эх орноосоо гарснаас хойш очиж чадаагүй л байна. Эхний дөрвөн жил бичиг баримтгүй байсан. Бичиг баримттай болсны дараа ажил амжихаа больсон. Нэг мэдэхэд зун дуусчихдаг, нөгөө харахад өвөл болчихдог. Би хувьдаа чадах бүхнээрээ Монголдоо л хөрөнгө оруулалт хийхийг зорьж байна. Монголдоо мөнгөн урсгал оруулах санаатай ажилчдадаа Ардын тэтгэврийн хуримтлалд, ажилчдын бүх хүүхдүүдийг хадгаламж нээж өгдөг. Хадгаламжид нь жилд хоёр удаа мөнгө хийж бэлэг барьдаг. Энэ мэтчилэн эх орныхоо ирээдүйд чадах чинээгээрээ л хувь нэмэр, хөрөнгө оруулалт хийхийг хичээн хөдөлмөрлөж байна.
-Ярилцсанд баярлалаа. Таны бизнест амжилт хүсье
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ