"Оргил"-ын Ж.Ганбаатарт олонхийн бүлэг итгэдэг үү

Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсэг байгуулах асуудал Хуульзүйн байнгын хороон байнгын хороон дээр ширүүхэн маргаан дэгдээснээс хойшиллоо. УИХ Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ баталснаар гуравдугаар сараас хэрэгжиж эхэлсэн.
Энэ хуулийн 77.1.6 дахь хэсэгт “Байнгын хороо сонгон шалгаруулалтын зарыг нийтэд мэдээлснээс хойш 21 хоногийн дотор сонгон шалгаруулалтыг хараат бусаар зохион байгуулах чиг үүрэгтэй Ажлын хэсэг байгуулна” гэж, мөн хуулийн 77.2 дахь хэсэгт “Ажлын хэсэг нь Улсын Их Хурал дахь олонх, цөөнх, Ерөнхийлөгч, Засгийн газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, хууль зүйн сургалт, судалгааны байгууллага, хууль зүйн их, дээд сургуулийн санал болгосон төлөөллөөс бүрдсэн 11 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын захирамжаар томилсон Улсын Их Хурлын гишүүн ахална” гэж заасны дагуу УИХ хэлэлцэж байгаа.
Харин Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсэгт УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг санал болгосныг Шүүхийн хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар эсэргүүцэж: “ Ажлын хэсгийн гишүүнээр УИХ дахь МАН-ын бүлгээс Ажлын албаны дарга н.Далхаасүрэнг, АН-ын бүлгээс н.Батдорж гэдэг хүний нэрийг өгсөн. Ж.Ганбаатар гэдэг хүний нэрийг өгсөнийг би мэдээгүй. Шүүхийн хуулийг будилуулах ажлыг улс төрийн санаархлаар, хуйвалдааны зарчмаар хийх гэж байгаа бол болохгүй. Хуулиараа энэ ажлын хэсэгт УИХ-ын ганц гишүүн л ахалж байна гэж ойлгосон. Хуулийг уландаа гишгэж, зөв хуулийг гажуудуулах алхам хийхтэй эвлэрлэхгүй. Шүүхийн хуулинд тодорхой санаархлаар оролцож байна. Энэ улс төрийн нөлөөллөө зогсоо” гэхэд гишүүн Ж.Ганбаатар “"Надад итгэхгүй байна уу. Би хөндлөнгийн хяналт хийнэ" хэмээн хэдэрлэсэн. Зөрүүлээд Ж.Сүхбаатар гишүүн “Энд хүний тухай яриагүй, наймаачин, хулгайч чи битгий хуцаад байгаарай, чи ганцаараа мөнгөтэй нь биш” хэмээн бухимдсан юм. Цаашлаад УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
-Ганбаатар гишүүн байна уу, Ганбат гишүүн байна уу, энэ нь хүндээ биш. УИХ-ын гишүүн 11 хүний гурав нь болох гэж байна. Ажлын хэсэгт нэг л УИХ-ын гишүүн байна гэж протоколд оруулсан. Тэр нь Ажлын хэсгийг ахална, тэрийг нь УИХ-ын дарга томилно хэмээн Ж.Сүхбаатар гишүүний саналыг дэмжиж байлаа. Энэ хуулийн дагуу УИХ-ын даргын захирамжаар УИХ-ын гишүүн, Хуульзүйн байнгын хорооны дарга С.Бямбацогтыг Ажлын хэсгийн ахлагчаар томилжээ. Тиймээс бусад бүрэлдэхүүн нь УИХ-ын гишүүн бус төлөөлөл байх заалттай.
“Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ын 6.6-д “Энэ журмын 6.5-д заасны дагуу Ажлын хэсгийн гишүүнд санал болгосон төлөөллийг Байнгын хорооны хуралдаанаар нэг бүрчлэн хэлэлцэж тогтоол гаргана. Ажлын хэсгийн гишүүнд санал болгосон хүн нь энэ журмын 6.5-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзэн Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналыг аваагүй бол санал болгох эрх бүхий байгууллага ажлын 2 өдрийн дотор өөр хүний нэрийг ажлын хэсэгт оруулахаар Байнгын хороонд ирүүлнэ” гэж заасны дагуу ажлын хэсгийн гишүүнд санал болгосон төлөөллийг Байнгын хорооны хуралдаанаар нэг бүрчлэн хэлэлцэх юм. Харин гишүүдийн эсрэг тэсрэг саналыг харгалзан уг асуудлыг хэлэлцэхийг түр хойшлуулсан юм.
Гишүүдийн энэ маргаан олон нийтийн анхаарлын төвд байлаа. Ямартай ч Шүүхийн хуулийн зарчмаа барьж байгаа гишүүдийг олон нийт дэмжиж байлаа. Харин хуулиараа бус найзан дундаа асуудалд хандахыг завдсан, ашиг сонирхлын зөрчилг гаргасан гэж Ж.Ганбаатар гишүүнийг шүүмжлэх хэсэг байна.
Ж.Ганбаатар гишүүний тухайд хуульч мэргэжил эзэмшиж, парламентад хоёрантаа сонгогдоод байгаа ч олон нийтэч өөрийн үүсгэн байгуулсан бизнесээрээ танигдсан, “Оргил”-ын хэмээх тодотголтой. Ж.Сүхбаатар гишүүний “Чи мөнгөөр ганцаараа мөнгөтэй нь үү” гэсэн үгийг бухимдахдаа хэлсэн үзэж болох ч үгэн дотор үг байдаг.
Тиймээс энэ удаад өөрийн чинь хэлснээр намын чинь гишүүд ямар нэгэн асуудлаар танд итгэхгүй байна Ж.Ганбаатар гишүүн ээ. Тэгээд ч дээрх асуудалд хүн яриагүй, хууль ярьж мэтгэлцсэнийг УИХ-д хоёрантаа сонгогдсон хүний хувьд ойлгох биз. Баталсан хуулиа чанд хэрэгжүүлж, мөрдөх нь УИХ-ын гишүүний нэн тэргүүний зарчим.
Н.Энхлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ