Зодууранд дассан хүмүүс зодооныг өөгшүүлдэг

Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч, олимпийн аварга Н.Түвшинбаяр найзыгаа сэхээнд ортол нь зодлоо гэсэн дуулиан нийгэм даяар тархаж, амралтын хоёр өдөр олон нийт түүнийг шүүлээ. Эрүүл ухаантай хүн бүр түүнээс ухамсар нэхэж, хариуцлага шаардлаа. Шалтгааныг үл хайхран хүнийг үхэлд хүргэх хэмжээнд хүртэл нь зодож танхайрсаныг нь буруутгалаа. Энэ нь түүнд олон нийтээс ирэх зүй ёсны шийтгэл. Хайр даагаагүй нэгэн харуусалыг мэдрэх учиртай.
Н.Түвшинбаярыг Эрүүгийн хуулийн 11.1-ийн "Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах хэрэг"-ээр шалгаж эхэллээ. Хуулийн энэ заалт торгох болон 2-8 жилийн хорих ялын шийтгэлтэй.
Ийн олон нийтийн шүүмжлэлтэй зэрэгцэн Н.Түвшинбаярыг өмөөрөгчид, архийг буруутгагчид ч цөөнгүй байна. Мэдээж байх асуудал, хайрлаж, хүндэлж явсан хүнээ нэг удаагийн үйлдлээр харлуулахыг хүсээгүй байж болох. Хүнийг нь хайрлаж, хамгаалж болох ч үйлдлийг нь яавч өөгшүүлж болохгүй.
Найзынхаа тархи толгойг хагалж, сэхээнд ортол нь зодсон байхад “Эрчүүд зодолдоо л биз, юун сүртэй юм” гэж хэмээн зөвтгөх нь эрүүл ухаан мөн үү. Хамгийн хачирхалтай нь ийм үгийг эмэгтэйчүүд хэлж, ихэнх нь нас тогтсон бүсгүйчүүд харагдана. Тэд эрчүүд нэгнийхээ цусыг юүлж, амийг нь тасартал зодохыг байдаг хэвийн үзэгдэл, эр хүмүүсийн энгийн тоглоом шоглоом гэж үздгээ олон нийтийн сүлжээнд илэрхийлсэн байна.
Ямар их хайр вэ?! Эмэгтэй хүн, ээж хүний амнаас ийм үг унасныг ойлгоход хэцүү. Өөрийнх нь аав, нөхөр, хүү, ах дүү нь хэн нэгэнд зодуулж, сэхээнд орвол тэд сүр сүр гээд суух нь юу л бол.
Эрчүүд зодолдоо л биз гэж өөгшүүлж өмөөрдөг эмэгтэйчүүд өөрсдөө доромжлол, зодуурыг тэвчиж амьдардаг байхыг үгүйсгэхгүй. Нөхрөө архи уухыг нь өөгшүүлдэг, өөрөө зодуулчихаад эргэж өмөөрдөг бүсгүйчүүд байдаг. Бүр өөрийг нь хамгаалсан хүнийг буруутгаж, дайрч доромжилдог эмэгтэйчүүд ч бий.
Ийм азгүй, арчаагүй байдлаараа балмад зэрлэг занг, гэмт хэргийг өөгшүүлэх нь хэн нэгний амь нас хохирч, өөр нэгнийг гэмт хэрэгтэн болгох асар их хор уршигтай. Цаашлаад дэргэд нь өсч байгаа хүүгээ ирээдүйн хүчирхийлэгч, охиноо хүчирхийллийг тэвчигч болохын үндсийг ээж нь, эгч нь тавьж байгаа нь хамгийн том харамсал.
Хүчирхийллийг тэвчдэггүй, өөгшүүлдэггүй хүн байх нь өөрийгөө хамгаалж буй хэрэг боловч мөн чанартаа эрүүл нийгмийг бүтээж буйн илэрхийлэл. Тиймээс бүсгүй та эр хүн зодоо л биз, зодолдоо л биз гэж бүү өөгшүүл, энэ харгислал нэг өдөр таны тархийг хагалж магадгүй.
Н.Түвшинбаярын балмад үйлдлийг өөр нэг хэсэг нь архи руу чихэж, архийг буруутгалаа. Тэднийхээр Н.Түвшинбаяр архийг уусан биш архи түүнийг уугаад, найзыг нь зодуулсан бололтой. Тухайн үед юу болсныг, яагаад дотны найзаа зодсоноо ч тэр санахгүй, мэдэхгүй байгаа гэнэ. Учир нь архи түүнийг ухаантай нь хамт уучихаж. Тиймээс шүтэн бишрэгчид нь архийг зүхэж цаазлахаар шийдэж. Бурууг бусад хүнээс хайж болно. Харин амьд бус архинаас хайж байгааг бол ойлгоход ухаан шаардана. Уг нь учир архиндаа бус хүний мөн чанартаа л байгаа юм шүү дээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ