Загварын тайзнаа шуугиан тарьсан "Шинжааны хөвөн"

img

 

Шинжаанаас нийлүүлдэг хөвөнг тэндэхийн уйгуруудын хөдөлмөрийг мөлжин боловсруулдаг хэмээн H&M зэрэг дэлхийд алдартай хэд хэдэн компани хөвөнгөөс татгалзсаны улмаас хятадуудын зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, улмаар дэлхийн брэндүүдийг шахалтад оруулж эхэлсэн юм.

 

Хүний эрхийн асуудалд хүндэтгэлтэй хандаж байгаагаа барууныханд харуулах гэж том брэндүүд алхам хийсэн ч өөрсдийнхөө том зах зээлийг алдах аюултай нүүр тулсан. Энэ дуулиан намжаагүй байтал Шанхайд эхэлсэн загварын долоо хоног гал дээр тос нэмэв. Дөрөвдүгээр сарын долооны өдөр Хятадын Шанхай хотноо эхэлсэн Загварын долоо хоног улс төрийн томоохон шуугианаар эхэлсэн гэж олон улсын хэвлэлүүд мэдээлсэн байна. 

 

Тодруулбал, Шанхайн загварын долоо хоногийн нээлтийн өдөр загвар өмсөгчид Шинжааны хөвөнг ашиглахыг уриалсан бичиг бүхий футболка өмсөн тайзнаа алхжээ. Энэ нь Шинжаанаас түүхий эд авахгүй гэж шийдсэн хэд хэдэн томоохон брэндүүдийн шийдвэрт өгсөн хариу алхам байлаа. Барууны брэндүүд Шинжаанд хөвөнг уйгуруудыг албадан хөдөлмөрлүүлж ургуулдаг хэмээн үзэж байгаа юм. Харин үнэн хэрэгтээ хөвөнг хураах бүхий л ажил автоматчлагдсан гэж Хятадын эх сурвалжууд мэдээлсэн байна.

 

Шанхайн загварын долоо хоногийн тухайд, 2021 оны намар өвлийн коллекцийн үзүүлбэр Шанхайн Синьтяньди дүүрэгт дөрөвдүгээр сарын зургааны өдөр эхэлсэн юм. Үүнд Хятад  Comme Moi, Leaf Xia, Yes by Yesir, Dawei брэндүүдээс гадна Dior-ын загварын ордон болон чөлөөт загвар зохион бүтээгчид оролцох юм байна. Оролцогчдын тоонд хязгаарлалт тавьсны улмаас Хятадын загвар зохион бүтээгчдийн зарим брэндүүд Загварын долоо хоног албан ёсоор эхлэхээс өмнө намрын коллекциудаа танилцуулсан байна.

 

Дөрөвдүгээр сарын гуравны дөдрөөс эхлэн арга хэмжээний хүрээнд Ontimeshow загварын хувцсны үзэсгэлэн худалдаа нээгджээ. Загварын долоо хоног дөрөвдүгээр сарын 13-нд дуусах аж. 

 

 Хятад VS барууны брэндүүд 

 

Шинжаанд уйгуруудыг албадан хөдөлмөр эрхлүүлдэг гэх мэдээллийг анх The Wall Street Journal  2019 онд нийтлэж байв. Үүний дараа H&M болон Nike брэндүүд "уйгуруудыг албадан хөдөлмөр эрхлүүлж байж болзошгүйн улмаас " Шинжааны хөвөнгөөс татгалзах албан ёсны мэдэгдлийг 2020 онд хийсэн. Эдгээрийн дараа хятадууд нам жим байсан ч БНХАУ дахь хүний эрхийн асуудалтай холбоотойгоор барууны орнууд Хятадын албан тушаалтнуудын эсрэг хориг арга хэмжээ тавьснаар хятадууд Шинжааны хөвөнгөөс татгалзсан брэндүүдийг хариу шахаанд оруулах болсон юм. 

 

Улмаар хятадууд H&M, Nike төдийгүй Converse, Tommy Hilfiger, Calvin Klein, Burberry, Nike, New Balance, Adidas зэрэг брэндүүдийг ч хавчиж эхэлж, томоохон цахим худалдааны сайтууд эдгээр компаниудын апликейшнийг устгасан. Ийнхүү 1.4 тэрбум хүн амтай асар том зах зээлд гадуурхагдсан H&M компанийн хувьцаа гуравдугаар сарын сүүлээр 4.4-5.4 хувиар унасан юм.

 

Барууныхны хэл амны бай болсон Шинжаанд Хятадын нийт хөвөнгийн 80 гаруй хувийг үйлдвэрлэдэг аж. Эндэхийн хөвөнгөөс татгалзсан бусад брэндүүдийн жагсаалтыг Хятадын олон нийтийн сүлжээнүүдээр гаргаж, хэрэглэгчид эдгээр компанийн бүтээгдэхүүнийг худалдаж авахгүй байхыг уриалсаар байна. 

 

 

Хятад маягийн БОЙКОТ

Г.Бямбасүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ