Онцгой байдлын үеийн ёс зүй

img

Альтруизмын талаарх хүмүүсийн бодлыг тавьж байгаа асуултаар нь мэдэж болно. Хүмүүс үүнтэй холбоотойгоор:

а) хүн живж байвал

б) галд бүслэгдсэн байвал

в) хурдтай машины урдуур орох гэж байвал

г) ангалын ирмэг дээр дүүжигнэж байвал - тэр хүнийг аврахын тулд амиа золиослох хэрэгтэй юу гэсэн маягийн асуулт асуудаг.

 

Энэ үзэл ямар үр дагавар авчрахыг харъя. Хүн альтруизмыг хүлээн зөвшөөрвөл дараах байдалд хүрнэ.

 

            1. Өөртөө итгэхээ болино. Өөрийгөө үнэ цэнэтэй гэж үзэхийн оронд яаж бусдын төлөө золиослох вэ гэж боддог болно.

            2. Бусдыг үнэлж, хүндлэхээ болино. Хүмүүсийг бусдын тусламж гуйн уйлж хайлж суудаг мал сүрэг шиг бодно.

            3. Амьдралыг хар бараанаар, хүмүүсийг "аймшигт муухай ертөнцөд" гарах гарцгүй байгаа мэтээр санана.

            4. Хэвийн амьдралд тулгарахгүй нөхцөл байдлуудад тааруулж амьдрах тул нэг ёсондоо ямар ч зарчимгүй амьдрах болно.

 

Ёс зүйн хамгийн гол үзүүлэлтийг бусдад туслах явдал хэмээн дээш өргөмжилснөөрөө алтьруизм хүмүүсийн сайхан сэтгэл, чин сэтгэлийн тусыг үгүй хийж устгадаг. Хүн бусдад өөрийгөө харамгүй зориулах ёстой гэж үзсэнээрээ энэ үзэл хүн өөрийн гэсэн ашиг сонирхолгүй байх ёстой юм шиг үздэг. Ингэж үзсэнээс болоод бусдыг чин сэтгэлээсээ хайрлах чадваргүй харин ч бусдыг өөрийн амь амьдралд аюул учруулах зүйл мэтээр үздэг болдог.

 

Хүн хоёрдмол байхгүй гэвэл нэг бол өөрийг нь бусдын төлөө золиослохыг эсэргүүцэх юм уу аль эсвэл болж буй бүхэнд тоомжиргүй хандан, аюулд орсон хүний төлөө чигчий хуруугаа ч хөдөлгөхгүй.

 

Гэсэн ч ихэнх хүн энэ хоёр замын аль нэгийг сонголгүй хоёуланг нь зэрэг сонгодгоос дотроо зөрчилддөг. Өнөөдөр үй түмэн ухаалаг хүмүүс өөрсдийнхөө хайр, сайхан сэтгэлийн цаадах зарчмын үндэс суурийг ойлголгүй толгой нь эргэсээр байна.

 

Хүн яагаад бусдын төлөө золиослогдож байвал таарах тахилгын амьтан биш вэ гэдгийг мэдэхийг хүсвэл миний Атлантын нуруу тэнийв номыг уншаарай. Энэ номд хүн өөрийгөө золиослолгүйгээр бусдад туслах талаар өгүүлсэн байгаа.

 

"Золиослолт" гэдэг бол үнэ цэнэтэй зүйлээ үнэ цэнэгүй зүйлээр солино гэсэн үг. Энэ үүднээс альтруизм хүнээс үнэт зүйлээсээ урван тэрслэхийг, түүнийгээ хаяхыг шаарддаг. Рационализм харин яг эсрэг нь. Хүн хамгийн чухал зүйлээ үнэ цэнэгүй зүйлээр солихыг эсэргүүцдэг.

 

Энэ зарчим бүх зүйлд хамаатай. Энэ зарчим хүнээс хүсэл, үнэт зүйлсээ рационал байдлаар эрэмбэлэхийг шаарддаг. Ийм эрэмбэ байхгүй үед хүний дүгнэлт, шийдвэрүүд зарчимч байж чадахгүй.

 

Хайр, нөхөрлөл хоёр тун ч хувийн зүйл. Хайр бол нэг хүн нөгөө хүндээ илэрхийлж буй өөрийгөө хүндлэх үзэл юм. Өөр хүнийг хайрласнаар өөрөө баясаж, жаргал эдэлж байгаа хэрэг. Хайраас хүн хувиа бодсон, зөвхөн өөрт хүртээлтэй жаргал эдэлдэг.  "Өөрийгөө бодоогүй", "тал татаагүй хайр" хэмээгч нь харин дээрх хайрын яг эсрэг хэлбэр нь.

 

Хайртай хүмүүсийнхээ сайн сайханд анхаарал тавих явдал бол рационал зүйл. Хүн жишээ нь эхнэрийнхээ өвчин эмгэгийг эдгээхийн төлөө асар их мөнгө зарцуулж байгааг эхнэрийнхээ төлөө өөрийгөө золиосолж байна гэж тайлбарлавал утгагүй. Хүн эхнэр нь үхэхэд тоомжиргүй хандахгүй. Хайртай хүмүүсийнхээ төлөө хийж буй зүйл золиос биш юм. Үнэт зүйлсийн эрэмбэ, дэс дугаарт хайртай хүмүүс хамгийн дээгүүр байр суурь эзэлдэг. Дээрх жишээнд эхнэрийн эрүүл мэнд тухайн хүний хувьд мөнгөнөөс илүү үнэлэгдсэн тул эхнэрийнхээ төлөө мөнгө зарцуулж байгаа бөгөөд энэ ердөөсөө ч золиос биш юм.

 

Харин тэгтэл, эхнэрийнхээ эрүүл мэндийн төлөө мөнгө зарцуулахын оронд тэр мөнгөө огт танихгүй арван эмэгтэйн төлөө зарцуулбал яах вэ? Чухам ийм зүйлийг л альтруизм хүнээс шаарддаг. Энэ тохиолдолд энэ золиос мөн. Өөрийгөө хохироож байгаа хэрэг. Эндээс альтруизм, Обьективизм хоёрын ялгаа тодхон харагдаж байгаа биз. Хэрэв өөрийгөө хохироох нь ёс суртахууны хамгийн дээд чанар юм бол тэр нөхөр ганц эхнэрээ аврахаар мөнгө зарцуулахын оронд тэр мөнгөөрөө арван өөр эмэгтэйг аврах нь дээр болно биз?

 

Обьективист ёс зүй энэ тохиолдолд: чиний хамгийн дээд зорилго бол өөрийн чинь сайн сайхан байдал. Чиний мөнгө бол чиний л мөнгө. Түүгээрээ эхнэрээ авар. Энэ бол чиний эрх, чиний хийх ёстой рационал сонголт гэж хэлнэ.

 

Харин альтруист хүн энэ тохиолдолд юу гэх бол? Тэр яг эсрэгээр нь хэлнэ. (Альтруизм үнэхээр сайхан, өглөгч зүйл мөн байна уу, одоо өөрөөсөө асуугаарай)

 

Өөр хүнд туслах уу яах вэ гэдгийн гол хэмжүүр нь үнэт зүйлсийн эрэмбэ. Тухайн хүнийг аврахад зарцуулж буй цаг хугацаа, мөнгө, хүчин чармайлт аврагдаж байгаа хүн аварч байгаа хүний аз жаргалд хэр пропорцианаль хамааралтайгаас шалтгаалах ёстой.

 

Үүнийг альтруистуудын дуртай жишээ болох живж байгаа хүнийг аврах тухай жишээгээр харуулъя. Хэрвээ чи танихгүй хүн живж байгааг харвал, тэр хүнийг аврах нь аюул осол багатай үед л аварсан нь дээр. Харин аюул ихтэй үед хүн гагцхүү тухайн хүний амийг өөрийн аминаас илүүд үзсэн үед л аврахаар оролдох нь зүйтэй. (Эсрэгээр нь, живж байгаа хүн өөрийнх нь төлөө өөр хүн амь насаа шууд зориулна гэж бодох хэрэггүй. Түүний амь нас бусдад түүний өөрийнх нь үнэлж байгаа шиг үнэлэгдэхгүй байж болно.)

 

Хэрэв живж байгаа хүн таньдаг хүн чинь байвал түүнийг аврахын тулд арай илүү азаа үзэж болох юм. Аль эсвэл живж байгаа хүн хайрт чинь бол бүр ч их зүйлээ золиосолж ч магадгүй. Учир нь хайртыгаа аврах нь өөрийн аз жаргалын төлөө хийж буй үйлдэл бөгөөд хайргүй амьдрал утга учиргүй санагдаж болно.

 

Гэхдээ жишээ нь, эхнэр нь живж байхад нөхөр нь хараад, уг нь сайн сэлдэг хүн, аврах гэж усанд орсон ч сандарч балмагдсандаа аварч чадахгүй живүүлчихвэл түүнийг "хувиа бодож амиа хоохойлсон" гэж хэлж болохгүй. Тэр хүн зүгээр л өөрт үнэ цэнэтэй хүнээ аврах гэж оролдоод чадаагүй хүн юм. Түүнийг хувиа бодсон хүн гэхгүй харин өөрийн аз жаргалын төлөө тэмцэж чадаагүй хүн гэж болно. Хүн өөрийн аз жаргалын төлөө тэмцэх ёстой байдаг юм гэдгийг санаарай. Аз жаргал хүний амьдралын зорилго байдаг учраас үүнийхээ төлөө тэмцэж чадаагүй нь ёс суртахууны алдаа.

 

Хайртай хүмүүстээ үзүүлж буй тусламж "хувиа бодоогүй байдал", "золиос" биш харин өөрөө өөртөө үнэнч байгаа явдал юм. Өөртөө үнэнч байна гэдэг бол өөрийн үзэл бодол, үнэт зүйлд үнэнч байна гэсэн үг. Өөрийн үнэт зүйл, илэрхийллийг бодит байдалд хувиргана гэсэн үг. Жишээ нь, нэг залуу нэг эмэгтэйд хайраа илчилсэн ч тоомжиргүй хандаж, эмэгтэйдээ хор учруулж байвал тэр хүн ёс зүйгүй байна гэсэн үг.

 

Үүнтэй ижил зарчим найзуудын харилцаанд ч гарч ирдэг. Хэрэв нэг найз нь асуудалд орвол бусад нь түүнд өөрсдийгөө золиослолгүй туслах ёстой. Хэрэв найз нь өлсөж байвал, хэрэгтэй хэрэггүй юм өөртөө худалдаж авахын оронд найздаа хоол авах мөнгө өгч болох бөгөөд энэ нь найзынх нь үнэ цэнэ худалдаж авах гэж буй зүйлийн үнэ цэнээс илүүг харуулна. Харин тэгтэл худалдаж авах гэж байгаа зүйл найзаас нь илүү үнэ цэнэтэй байвал тэр хүн өлсөж байгаа хүнтэй найз гэж дүр үзүүлэхээ больсон нь дээр.

 

Найз нөхөрлөл, хайр энэрлийг амьдрал дээр хүн үнэ цэнийн эрэмбэлэлийн дагуу хэрэгжүүлдэг. (рационал сайн сайхны төлөө) Тэрхүү үнэ цэнийг хүн хөдөлмөрлөж байж олж авдаг болохоос биш зүгээр байж байгаад хүн бусдад үнэ цэнэтэй болохгүй. Тэгэхээр бид танихгүй хүмүүсийг хэр үнэ цэнэтэйд үзэх вэ? Байж болох хэмжээнд нь л үнэлэх хэрэгтэй.

 

 Рационал хүн амьдрал бол бүх үнэт зүйлсийн эх сурвалж гэдгийг мартдаггүй. Хүмүүс бие биедээ их үнэ цэнэтэй болж болно. Ингэлээ гээд энэ нь хүмүүсийн амь насыг хооронд нь чөлөөтэй хольж сольж болно гэсэн үг биш. Хүн өөрийн амь насыг хамгийн дээд үнэт зүйл гэж үздэг. Бүх үнэ цэнийн эх сурвалж байгаад зогсохгүй бусдыг үнэлэх чадварынх нь эх сурвалж. Тийм болохоор бусдад оноож буй бүх үнэ цэнэ түүний өөрийгөө үнэлэх байдлаас урган гардаг.

 

"Өөрийгөө хүндэлдэг хүн хүн төрөлхтнийг үнэлж чаддаг. Над шиг үнэ цэнэтэй учраас бусад хүн үнэ цэнэтэй" гэж тэр үзэж байгаа юм. Ийнхүү амьд зүйлсийг үнэлснээрээ тэр бусдын амь насыг үнэлж байгаа хэрэг. Энэ л чухамдаа хүн төрөлхтөн хэмээх зүйлийг хайрлаж энэрэх сэтгэл зүйн үндэс билээ.

 

 Хүн төрөхдөө ёс зүйн хувьд ч, танин мэдэхүйн хувьд ч цэвэрхэн самбар шиг төрдөг тул рационал хүмүүс танихгүй хүмүүсийг буруутай гэж тогтоогдтол нь гэм буруугүй гэж үздэг бөгөөд, энэ үүднээс танихгүй хүнд хүн гэдэг үүднээс нь ханддаг. Харин ямар нэг зүйл болсон үед тэдэнд яг ямар үнэ цэнэтэй билээ гэдэг үүднээс нь ханддаг. Хэрэв танихгүй хүмүүс муу хүмүүс болох нь мэдэгдвэл түүнд хандаж байсан сайхан сэтгэл нь зэмлэл, буруушаалтаар солигддог. (Хүний амь насыг үнэлдэг хүн хүний амь насыг үгүй хийдэг хүнийг хайрлаж, энэрч чадахгүй) Харин танихгүй хүн сайн хүн болох нь мэдэгдвэл, тэр хэмжээгээр тэр хүнийг үнэлэх үнэлэлт өснө.

 

Эл нийтлэг сайхан харилцааны үүднээс л хүмүүс танихгүй хүнд гагцхүү онцгой байдлын үед тусалдаг байна.

 

Хүмүүсийн харилцаа ердийн үед нэг янз, онцгой байдлын үед өөр янз болдог. Энэ нь ёс зүйн хоёр нүүр, ялгаварт байдал биш шүү. Цаад зарчим нь хэвээр байгаа. Харин аль нөхцөлд хэрэглэж байна вэ гэдгээс хамааран хэлбэр нь жаахан өөрчлөгдөж байгаа юм.

 

Онцгой байдал гэдэг бол хүний төлөвлөж бэлтгээгүй гэнэтийн нөхцөл байдал билээ. Онцгой байдалд үер, газар хөдлөлт, түймэр, усан онгоцны сүйрэл зэрэг явдал багтдаг бөгөөд ийм үед хүний амь насанд ноцтой аюул учирдаг. Онцгой байдлын үеийн хамгийн гол зорилго аюул ослоос мултарч, амьд гарах явдал байдаг. (хуурай газар хүрэх, түймэр унтраах гэх мэт)

 

Ердийн үе гэдгээр би хүний оршихуйд таарсан ердийн, хэвийн байдлыг хэлж байна. Хүн газар дээр амьдарч чадах ч усан дотор юм уу дүрэлзсэн гал дотор амьдарч чадахгүй. Хүн бүхнийг чадагч биш тул онцгой байдалд амьдарч чадахгүй ба аль болох хурдан хэвийн нөхцөл байдалд очихыг хүсдэг. Мөн чанараасаа болоод онцгой нөхцөл байдал удаан үргэлжилдэггүй. Хэрэв удаан үргэлжилдэг байсан бол хүн төрөлхтөн хэдийн мөхсөн байх биз ээ.

 

Онцгой байдлын үед л хүн чадал боломж нь болж байвал бусдад сайн дураараа туслах хэрэгтэй. Жишээ нь хүний амь насыг үнэлдэг хүн усан онгоц нь сүйрсэн хүмүүст туслах хэрэгтэй. Гэхдээ үүний төлөө өөрийнхөө амийг золиослох ёсгүй. Түүнчлэн нэг удаа тусаллаа, усанд живэхээс нь аварлаа гээд эрэг дээр гарсных нь дараа бүх асуудалд нь тусална гэсэн үг биш. Бас бусдад туслахын тулд бүх далай тэнгисээр хэрэн хэсүүчилж, усанд живж байгаа хүмүүсийг хайна ч гэсэн үг биш.

 

Өөр нэг жишээ. Хөрш айлын чинь хүн өвчин тусаад, мөнгө төгрөг ч үгүй болжээ. Өвчин, ядуурал хоёр онцгой нөхцөл биш боловч, тэр хүн түр зуур өвчтэй байгаа тул, хэрэв боломжтой бол чи хөршдөө хүнс хоол, эм тариагаар туслахад болохгүй гэх газаргүй. Бусад хөршүүдтэйгээ ярьж байгаад дундаасаа мөнгө босгосон ч болно. (сайхан сэтгэлийн үүднээс тусалж байгаа болохоос биш энэ нь үүрэг биш шүү) Ийнхүү нэг удаа тусаллаа гээд бусад бүх ядууст бүх амьдралаа зориулна гэсэн үг ч бас биш.

 

Ердийн байдлын үед хүн зорилгоо сонгож, түүнд өөрийн хүчээр хүрэх ёстой байдаг. Гагцхүү онцгой байдлын үед л хүн зорилго, зарчимдаа өөрийн хүчээр хүрч чадахгүй байдал үүсдэг.

 

Онцгой байдлыг гэхдээ бүх хүндрэлд хамаатуулж ойлгож болохгүй. Ядуурал, хайхрамжгүй байдал, өвчин зэрэг асуудлууд гэнэтийн онцгой байдал биш. Хүн өөрийн хүчээр эд баялаг, мэдлэгээ тэлэх ёстой. Эдгээр зүйлс хүнд өөрөө хүрээд ирдэггүй. Харин өөрөө бодож сэтгэж, ажил хөдөлмөрөөрөө олох ёстой. Хүн бусдад гагцхүү үнэт зүйлсдээ хүрэхэд нь л туслах ёстой.

 

Ёс зүйн бүхий л зарчим, номлолууд хүрээлэн буй орчлон ертөнцийн тухай эл суурь зарчим дээр үндэслэх ёстой. Альтруист ёс зүй хүн бол арчаагүй, өөртөө тусалж чадахгүй, амжилтанд, аз жаргалд хүрч чадахгүй. Байгалийн гамшиг, онц байдлууд амьдралын салшгүй хэсэг гэсэн ойлголтон дээр суурилсан байдаг.

 

Хамгийн энгийн туршилт, шинжилгээ л үүний худлааг батална. Онцгой байдал орчлонгийн норм биш харин онцгой зүйлс. Үүнийг л ажигласан тулдаа даатгалын компаниуд ашигтай ажилладаг юм.

 

Түүнчлэн альтруистууд өдөр тутмын ердийн амьдралын жишээ татаж чаддаггүй. Тэдэнд заавал ямар нэг "онцгой" байдал хэрэг болж байдаг юм. (Усан онгоцны ослын үед ганц хүний даацтай завин дээр хоёр хүн суух болбол яах вэ? гэх мэтээр) Хүмүүс аврах завин дээр амьдардаггүй, амьдрал ч бас аврах завь шиг биш.

 

Хүн аз жаргалд өөрөө хүрэх ёстой. Энэ нь бусдыг тоохгүй, хайхрахгүй, осол аюулд хүн өртсөн үед туслахгүй гэсэн үг биш. Гэхдээ мөн өөрийгөө гаргуунд гарган бусдын төлөө золиосолж, бусдын сайн сайхныг өөрийнхөөсөө өндөрт тавина гэсэн үг ч биш. Хүн бусдад туслалгүй яах вэ. Гэхдээ гагцхүү онцгой тохиолдолд. Азаар тийм онцгой тохиолдлууд цөөхөн. Тийм болохоор онцгой тохиолдлууд биш харин ердийн үеийн зарчим хүний ёс зүйн хамгийн тэргүүний зорилт байх ёстой.

 

 

Айн Рэнд

1963 оны 2 сар

“Өөрийгөө бодох нь ариун үйлс” ном”-ын III бүлэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ