Хүнээр туршилт хийхээ хэзээ болих юм, Эрүүл мэндийн сайд аа!

Манай улсын Эрүүл мэндийн яам өчигдрөөс ковид-19-ийн халдвартай тэмцэх аргаа өөрчилсөн гэнэ. Ингэхдээ ХӨСҮТ-ийн тандалтын багийг дүүргүүдэд хуваарилж, халдвартай иргэдийг, хүнд хөнгөнөөр нь ялгах гэнэ. Хүнд бол ХӨСҮТ рүү шилжүүлж, халдвартай хүний ойрын хавьталуудыг үнэлж, хөнгөн байсан ч эмнэлэгт хүргэх тактикийн өөрчлөлт хийж буйгаа өнөөдөр мэдэгдэв.
Хэдхэн хоногийн өмнө үхчихгүй л бол гэртээ бай хэмээн эмнэлгээс олон олон хүнийг буцааж байв. Иргэд аргаа ядахдаа цахим хуудсанаа бичиж, аврал эрж байлаа. Өөрөөр хэлбэл Эрүүл мэндийн яам гэрт нь тусгаарлаж, гэртээ өөрөө өөрийгөө эмчлэх тактикийг барьж байсан гэсэн үг. Өөрийгөө ажигла, витамин уу гэхээс өөр зааваргүй байсан. Дүүрэг, өрхийн эмч нар нь хянаж байгааг нэрээр нэг хэсэг халдварыг сул задгай тавьж, халдвартай иргэдийг хайнга орхисон. Үүний гайгаар хүндэрсэн өвчтний тоо нэмэгдэж, нас баралт өсөн, иргэд эмнэлгийн тусламж авч чадахгүй амиа алдах тохиолдол ч гарав. Тиймээс Эрүүл мэндийн яам халдвартай тэмцэх аргаа өөрчилж, хүчээ хуваарилжээ.
Өмнө нь халдвартай бүхнийг ХӨСҮТ рүү чирж, хамаг хүчээ татаж, тарамдуулсан. Хаа хол Ховдод очсон автобустай хүмүүсийг онгоцоор тээвэрлэж авчран, ХӨСҮТ-д ачаалал нэмж байлаа. Халдварыг зөвхөн ХӨСҮТ эмчилнэ хэмээн эндүүрсний гороор эмч ажилчид нь ачааллаа дийлэхгүй туйлдлаа. Аль эрт дүүрэг хороо, аймаг, сумдад хуваарилж, халдвар гарсан газар нь эмчилж, эмч ажилчдад дадлага, туршлага болгох байв. ХӨСҮТ-ийн хүч дутагдаж, туйлдсаны дараа л алдаагаа гэнэт ухаарсан мэт тактикаа өөрчилж, хүчээ хуваарилж байна.
Манайд халдвар гараад жил гаруйн хугацаа өнгөрлөө. Одоог хүртэл аргаа олоогүй, шийдвэрээсээ эргэж буцан, иргэдийг тархийг эргүүлсээр байна. Халдвартай хүмүүс нь хаана хандахаа мэдэхгүй, гэртээ айж эмээж сууна. Хэдийг хүртэл хүн дээр туршилт хийх юм бэ, Эрүүл мэндийн сайд аа?!
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ