ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Холбооны хуралд илгээлт тавьлаа. Энэ удаагийнх нь 17 дахь удаагийн илгээлт юм. Путиний илгээлтээс онцлох хэсгүүдийг хүргэж байна.
Цар тахлын талаар
Цар тахлын эхлэл үе нь "туйлын тодорхойгүй" үе байсан ч тэрбээр сорилтыг даван туулна гэдэгт хэзээ ч эргэлзэз байгаагүй гэдгээ илгээлтдэ онцоллоо.
"Тахал гарсан. Би ихэд түгшиж байсны дээр бид энэ бүх сорилтуудыг заавал давна гэдэгт хатуу итгэлтэй байлаа. Бид нэгдэн, халдварын эрсдэлийг бууруулах нөхцлийг бүрдүүлж, эмнэлгийн ажилтнууд болон иргэдийг хамгаалалтаар хангаж чадсан" хэмээн Путин мэдэгдсэн байна.
Гэхдээ одоогоор коронавирусийг бүрэн ялаагүй, энэ вирус шууд аюул заналхийлж байгаа хэвээр бөгөөд эмч нарын зөвлөмжийг дагахад дээд зэргийн хариуцлагатай байхыг Путин сануулжээ. Түүнчлэн өдгөө вакцинжуулалтын ажилд гол анхаарлаа хандуулж байгаа, намар гэхэд сүргийн дархлаа үүсгэхийн тулд урьдчилан сэргийлэх тарилгын хүртээмжийг нэмэгдүүлнэ хэмээн Оросын Ерөнхийлөгч илгээлтдээ онцолсон байна.
Шинжлэх ухааны талаар
2024 он хүртэл иргэний шинжлэх ухааны судалгаанд 1.63 их наяд рубль зарцуулна гэж Путин мэдэгджээ. Мөн улсын чухал статустай болох инновацлаг хөтөлбөрүүдийг бий болгон хэмээсэн байна.
Тэр дундаа, вакциныг бүрэн хамааралгүй үйлдвэрлэдэг болох нөхцлийг хангах гэнэ. Түүнчлэн шинэ аюултай халдвар гарсан тохиолдолд дөрвөн өдрийн дотор үр дүнтэй тест систем, маш богино хугацаанд вакцин гарган авахад Орос улс бэлэн байх ёстой гэж Путин мэдэгджээ.
Олон улсын ашиг сонирхлын талаар
Олон улсын бодлого дээр бусад орнуудын зүгээс илтэд дайрч, өдөөн хатгаж байгаа ч Москва "дээд зэргээр биеэ барьсан байдалтай" байгаа гэж Путин мэдэгджээ.
Орос улс бүхий л улс орнуудтай найрсаг харилцаатай байхыг хүсч байгаагийн дээр "харилцааны гүүрээ шатаах" бодолгүй байгаа гэнэ. Гэхдээ шаардлагатай бол хариу арга хэмжээг "хурдтай, илүү хатуу" байдлаар авч хэрэгжүүлнэ гэж Путин онцолжээ.
Аюулгүй байдлын талаар
Орос улс зэвсэгт хүчнээ бэхжүүлсээр байгаа талаар Путин илгээлтдээ өгүүллээ. Тэр дундаа 2021 оны сүүл гэхэд цөмийн хүчин чадал дахь орчин үеийн техникийн эзлэх хувь 90 хувьд дөхөх гэнэ. Гэхдээ Орос улс дэлхий дахины тогтвортой байдлын төлөө зогсдогийн дээр дэлхий дахин "аюулгүй байдлын тэгшитгэл"-ийг бий болгохыг санал болгодог гэж Владимир Путин мэдэгджээ.
Беларусийн эргэлт
Дэлхий дахины нөхцөл байдлын талаар ярихдаа Оросын Ерөнхийлөгч Беларусь дахь нөхцөл байдлын талаар тусгайлан хөндсөн байна. Энэ улсад төрийн эргэлт төдийгүй ерөнхийлөгч Александр Лукашенкогийн амь насанд халдахаар зэхэж байсныг таслан зогсоосон талаарх мэдээлэл гарч байсан юм.
Лукашенко: Миний амь насанд халдах оролдлогыг АНУ зохион байгуулсан
"Беларусьт төрийн эргэлт зохион байгуулж, энэ улсын ерөнхийлөгчийг хөнөөхөөр зэхэж байсан баримт ил болсон тухайд гэвэл <...> өнөөдөр Украины Янукович, Венесуэлийн Мадурод гээд хэнд ч ийм зүйл тохиолдож болно. Гэхдээ төрийн эргэлт, улс төрийн аллага, тэр дундаа төрийн өндөр албан тушаалтнуудыг хөнөөх төлөвлөгөө нь арай дэндлээ. Энэ бүхэн хэдийнэ хил хязгаараа давлаа" хэмээн Путин мэдэгджээ.
Беларусьт төрийн эргэлт хийхийн тулд өргөн цар хүрээг хамарсан цахим халдлага хийж, Минскийг бүхэлд нь "бүслэлтэд" оруулахаар зэхэж байсан ч Беларусьт төрийн эргэлт хийхээр төлөвлөж байсан гэсэн баримтыг Барууны орнууд үл хэрэгсэж байгааг Путин онцолсон байна.
Путиний илгээлт тоогоор
Хамгийн урт илгээлт: 2018 онд Путиний тавьсан илгээлт 1 цаг 55 минут үргэлжилсэн нь хамгийн урт илгээлтэд тооцогдож байлаа. Харин 2004 болон 2005 онуудад хамгийн богино буюу 48 минутыг илгээлтдээ зарцуулжээ.
Текстийн хэмжээ: 2018 онд Путин 11428 үгээс бүрдсэн хамгийн их текст бүхий илгээлт тавьжээ. Харин 2000 онд хамгийн богино буюу 5146 үгтэй илтгэл тавьсан байна.
Зочдын тоо: Энэ ёслолд ихэвчлэн 1000 орчим хүн уригддаг байна. Зочдын тоонд Төрийн думын сенатчид болон депутатууд, Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгчийн захиргааны төлөөлөгчид, Үндсэн хуулийн болон Дээд шүүхийн тэргүүнүүд, Төрийн зөвлөл, Нийтийн танхимын гишүүд, захирагчид, дипломатууд, сэтгүүлчид болон бусад хүмүүс багтдаг байна.
Түлхүүр үгс: "Төр" гэсэн үгийг Путин хамгийн их хэрэглэдэг бөгөөд 2000 оны илгээлтэд 97 удаа энэ үг давтагджээ. "Орос улс" гэсэн үгийг 2018 онд хамгийн их буюу 107 удаа хэлсэн байна. 2018 оны илгээлтэд "Аюулгүй байдал" гэсэн үгийг 11 удаа хэлжээ. Харин "шударга ёс" гэсэн үгийг 2005 оны илгээлтэд 17 удаа хэлжээ.
Г.Бямбасүрэн