10 жилийн өмнө сүйрсэн Конкорд онгоцны сүйрэлд Континентал Аирлайн буруутай
Лондонгоос 4-хөн цагийн дотор Нью-Йорк хүрэх чадвартай Конкорд суперсоник онгоц 2000 онд Францын Шраль Де Голь нисэх буудлаас хөөрөх үед гал гарч 113 зорчигчийн хамт сүйрснийг хэн бүхэн мэднэ. Болсон явдалд Континентал Аирлайн болон компаний механик буруутай болохыг Даваа гаригт Францын шүүх тогтоожээ. Тэдний үзэж буйгаар онгоц хөөрөх зам дээр байсан титаны хэсэг дугуйнд цохигдон түлшний савыг цоолсон нь гал гарах шалтгаан болсон байна. Шүүхээс Континентал Аирлайн компанид 200 мянган еврогийн торгууль ноогдуулж, тус компанид механик ажилтай байсан Жон Тайлорт 50 сар буюу 4.1 жил шоронд суух ял оноожээ. Харин Континентал Аирлайн компани болон Жон Тайлорийн өмгөөлөгч нар давж заалдахаа мэдэгдсэн байна.
Айр Франц компаний хуульч мэдэгдэхдээ “Эхнээсээ л Континентал Аирлайн компаний буруу үйл ажиллагаанаас осол болсон нь тодорхой байсан. Шүүхийн шийдвэр шударга гарсан гэж үзэж байна” гэжээ. Харин амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхнийг төлөөлсөн хуульч хэлэхдээ “Конкорд онгоц техникийн гэмтлээс болж сүйрсэн. Өөрсдөө ч маш их хохирол амссан гэдгийг энэ шүүх хурал харууллаа” гэжээ. Аймшигт ослын дараа 2003 онд нислэгийн оператор компаниуд болох Айр Франц болон Бритиш Айрвэй Францын бахархал болсон Конкорд суперсоник онгоцыг нислэгээс хассан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ