“Coal Mongolia 2012” –д оролцогчдын 35 хувь нь гадаадын төлөөлөгчид

img

 

ЭБЭХЯ, ҮХШХ, уул уурхайн мэдээллийн нэгдсэн сан Mining.mn хамтран Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжисний 90 жилийн ойн хүрээнд олон улсын хөрөнгө оруулагчдын “Coal Mongolia-2012” чуулга уулзалтыг ирэх хоёрдугаар сарын 9, 10-нд “SS-convention center”-д зохион явуулах гэж байгаа билээ. Чуулга уулзалтын хэвлэлийн бага хурлыг өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд хийлээ. Хуралд ЭБЭХЯ-ны Түлшний бодлогын газрын орлогч дарга Н.Болдхүү, ҮХШХ-ны дарга Ч.Хашчулуун, Уул уурхайн мэдээллийн нэгдсэн сан Mining.mn-ий ерөнхий захирал, чуулга уулзалтыг зохион байгуулах хорооны гишүүн Б.Алтаншагай нар оролцов.

Анхны Coal Mongolia чуулга уулзалтыг өнгөрсөн оны 2 дугаар сард “Монгол-Дэлхийн эрчим хүчний шинэ тоглогч” уриан дор амжилттай зохион байгуулж, 600 гаруй төлөөлөгч оролцож байсан билээ. Энэ удаагийн чуулга уулзалтыг “Нүүрс-Монголын эдийн засгийн эрчимтэй хөгжлийн хурдасгуур” уриан дор зохион байгуулахаар төлөвлөж байна. Чуулга уулзалтын бэлтгэл ажил үндсэндээ хангагдсан тухай чуулга уулзалтыг зохион байгуулах хорооны гишүүн Б.Алтаншагай танилцуулав. Чуулга уулзалтад 700 гаруй төлөөлөгч оролцохоос одоогийн байдлаар гадаад, дотоодын нийт 250 гаруй байгууллагын 500 гаруй төлөөлөгч бүртгүүлжээ. Нийт оролцогчдын 35 орчим хувь нь гадаадын төлөөлөгчид байгаа аж. Мөн уул уурхайн салбарт ханган нийлүүлэлт болон үйлчилгээ үзүүлдэг томоохон 62 компанийн үзэсгэлэнг гаргахаар төлөвлөснөөс бүртгэл үндсэндээ дууссан байна. Түүнчлэн, чуулга уулзалтын хүрээнд “Энержи Ресурс” компанийн Ухаа Худаг, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Тавантолгой уурхайтай танилцах аялалыг 2-р сарын 11-нд зохион байгуулна. Аялалын бүртгэл дууссан байна. Үүнээс гадна олон улсад нэр хүнд бүхий Airliguide/Lurgi, Gemcom Software Australia Pty Ltd, Wirtgen International, Caterpillar зэрэг компаниудтай хамтран ирэх хоёрдугаар сарын 7, 8-нд сургалт семинар зохион байгуулах гэж буйгаа танилцуулсан юм.

Чуулга уулзалтын нэг онцлог нь “Монголын нүүрсний салбарын хөгжил, сорилт ба боломжууд” сэдвээр салбарын лидерүүдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлнэ. Өөрөөр хэлбэл, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, General Electric компанийн ахлах дэд ерөнхийлөгч Кристофер Харрис, Энержи ресурс компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл, Hunnu Coal компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Т.Лхагвадорж, Gemcom Software Australia компанийн Азийн бүс хариуцсан захирал Саймон Вагхорн, Ерөнхий сайдын зөвлөх Б.Лхагважав зэрэг лидерүүд оролцсон, цэвэр бизнесийн уур амьсгалтай хэлэлцүүлэг өрнөх болно. Үүнээс гадна нүүрсний салбарын шилдгүүдийг шалгаруулахаар төлөвлөөд байна. ЭБЭХ-ний сайдын нэрэмжит “Нүүрсний салбарын оны шилдэг хүн”, “Нүүрсний салбарын оны шилдэг олборлогч”, “Оны шилдэг хайгуулын компани”, мөн Mining.mn-ий нэрэмжит “Шилдэг үзэсгэлэн гаргагч”, “Уул уурхайн шилдэг сэтгүүлч”-ийг шалгаруулна. Чуулганд АНУ, Орос, БНХАУ, Канад, Австрали зэрэг улсын Элчин сайд нар оролцох юм. Мөн Conference proceedings гэсэн эмхэтгэл гаргахаар төлөвлөсөн байна.

Хуралдаан “Нүүрсний салбарын өнөөгийн байдал, чиг хандлага”, “Хөрөнгө оруулалтын төслүүд-эрчим хүчний нүүрс”, “Хөрөнгө оруулалтын төслүүд-коксжих нүүрс”, “Салбарын лидерүүдийн хэлэлцүүлэг: Монголын нүүрсний салбарын хөгжил-сорилт ба боломжууд” зэрэг хэсгүүдээс бүрдэж байна. Энэ хүрээнд чуулга уулзалтаар эрчим хүчний болон коксжих нүүрсний төслүүдийн шинэчлэгдсэн мэдээлэл өгөхөөс гадна Монголын гадаад зах зээл дэх гол хэрэглэгчид ба өрсөлдөгчид, стратегийн чиг хандлага, татвар хууль эрхзүйн орчны тулгамдсан асуудал, Хятад, Солонгос, Японы коксжих нүүрсний зах зээлийн төлөв, нүүрсний салбар дахь уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн эрхзүйн зохицуулалт, уул уурхайн салбарын дэд бүтцийн тулгамдсан асуудал зэрэг салбарын бүхий л асуудлыг хамарсан өргөн сэдвээр илтгэл, хэлэлцүүлэг өрнөх юм.

Чуулганд хэн хэн илтгэл тавих, ямар сэдвүүдийг хөндөх тухай сэтгүүлчид сонирхосон юм.  : Одоогийн байдлаар чуулга уулзалтад 24 илтгэгч илтгэл тавихаар болоод байна. Илтгэгч нараас дурьдвал Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун, ЗТБХБЯ-ны Зам, тээвэр, бодлогын газрын дарга Б.Махвал, Энержи ресурс компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл, Худалдаа хөгжлийн банкны ерөнхийлөгч Рандолф Коппа, Шарын гол ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батмөнх, Багануур ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Мэргэнбаатар, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш, Моннис интернэшнл компанийн улс хариуцсан менежер Маттиас Ахлин, General Electric компанийн ахлах дэд ерөнхийлөгч Кристофер Харрис, QMC компанийн ерөнхий захирал М.Дагва, Дэлхийн банкны уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн зохицуулагч Б.Энхбаатар, Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК-ийн ерөнхий захирал Стиви Портер, Airliquide/Lurgi компанийн дэд ерөнхийлөгч Deepak Wadhwa, Sedgman компанийн гүйцэтгэх ерөнхий менежер Петер Лонг, Говь Коал компанийн гүйцэтгэх захирал Жасон Бахнсен, Roven Ridge компанийн ерөнхийлөгч Раэмонд С.Пилчер, Tangshan Guahua Technology Corporation компанийн ерөнхийлөгч Жимми Юу, Фронтиер Секьюритис компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Оскар Мендоза зэрэг хүмүүс байна.

Илтгэгчид маш сонирхолтой сэдвүүдээр илтгэл тавина. Тухайлбал, Худалдаа хөгжлийн банкны ерөнхийлөгч Рандолф Коппа “Стратегийн нүүрсний зах зээлийн төлөв байдал”, Си Пи Эс Интернэшнл компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхдөл “Монголын нүүрс олон улсын зах зээл дээр”, Шарын гол ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батмөнх “Уламжлалаас шинэчлэл рүү”, QMC компанийн ерөнхий захирал М.Дагва “Нүүрсний салбар дахь уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн эрхзүйн зохицуулалт”, Tangshan Guahua Technology Corporation компанийн ерөнхийлөгч Жимми Юу “Монголын нүүрсний хялбаршуулсан болон өндөр өгөөжтэй нүүрс гарган авах технологи”, Энержи Ресрус компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл “Монголын нүүрсний салбарын хөгжлийн чиг хандлага, боломжууд”, Дэлхийн банкны уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн зохицуулагч Б.Энхбаатар “Уул уурхайн салбарын дэд бүтцийн тулгамдсан асуудлууд”, Sedgmen компанийн гүйцэтгэх ерөнхий менежер Петер Лонг “Орчин үеийн коксжих нүүрсний технологи”, Виртгэн компанийн бүтээгдэхүүний менежер Бернхард Шимм “Хятадын өндөр үр ашигтай нүүрс гаргах технологи”, Фронтиер Секьюритис компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Оскар Мендоза “2012 онд Монгол Улсад хөрөнгө оруулалтын төлөв байдал ба ирээдүй” зэрэг олон сонирхолтой илтгэлүүд байна.

Чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулахад ивээн тэтгэгч компани, дэмжин хамтран ажиллаж буй байгууллага, аж ахуй нэгжийн үүрэг өндөр билээ. Тийм ч учраас зохион байгуулагчид ивээн тэтгэж, дэмжин, хамтран ажиллаж буй бүх байгууллагад талархал илэрхийлсэн. Чуулга уулзалтыг салбартаа нэр хүнд бүхий 40 гаруй байгууллага спонсорлож, дэмжин оролцож байна. Платинум спонсороор Энержи ресурс, Gemcom, Hunnu Coal компани ажиллаж байгаа бол голд спонсороор LIEBHERR,  Багануур ХК, Говь Коал, МоЭнКо, МАК, Эрдэнэс Тавантолгой ХК, Glogex грүпп ажиллаж байна. Мөн ивээн тэтгэгч банкаар Худалдаа хөгжлийн банк, ивээн тэтгэгчээр Wagner Asia equipment,  AODE, Blast, Бодь даатгал, Eznis, KPM telematics, Wirtgen group, Хас банк, Голомт банк, MobiNet ажиллаж байна. Түүнчлэн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Ашигт малтмалын газар, Гадаадын хөрөнгө оруулалтын газар, The Business council, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, ZAZA, OXFORD business group, Mongolian Mining Club чуулга уулзалтыг дэмжин оролцож байгаа юм. Мөн чуулганыг Bloomberg, Eagle news tv, Reuters, Mining.com, Time.mn, Mining and Money, Asia Miner, Shuud.mn, Mongolian Mining journal зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл дэмжин, хамтран ажиллаж байна.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ