Золбин нохойд хазуулснаас паралимпын тамирчин тэмцээндээ явж чадсангүй

Хүн төрөлхтөний спорт, эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон зуны олимпийн наадам цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж нэг жил хойшилсны эцэст энэ жил зохион байгуулагдана.Тодруулбал, “Токио-2020” зуны олимпийн 32 дахь наадам 2020 оны долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 09-нд Япон улсын нийслэл Токио хотноо болно. Тэгвэл эдгээр өдрүүдэд дэлхийн улс орнуудад олимпийн эрхийн төлөөх тэмцээн уралдаанууд зохион байгуулагдаж буй. Үүний нэг нь Азербайжанд зохион байгуулагдах пара жүдо бөхийн тэмцээн юм. Уг тэмцээнд Монголын пара жүдо бөхийн шигшээ багийн тамирчид зодоглоно. Харамсалтай нь тэмцээнд монголын пара жүдо бөхийн шигшээ багийн тамирчин, ОУХМ Н.Алтанцэцэг гудамжны золбин нохойд хазуулж бэртсэний улмаас “Токио-2020” олимпийн наамдын эрхийн төлөөх оноо цуглуулах тэмцээндээ оролцох боломжгүй болжээ. Үүсээд буй нөхцөл байдлын талаар түүнээс тодрууллаа.
Сайн байна уу, Биеийн байдал нь ямар байна вэ?
-Сайн байцгаана уу. Хөл хорионы үеэр шигшээ багийн тамирчид нэг газар байрлаж, бэлтгэл сургуулилтаа хийсэн. Тэмцээндээ медаль авч, чансаагаа ахиулах зорилготой байлаа. Мөн сүүлийн хөл хорионы хугацаанд Хандгайтад бэлтгэлд гараад байсан юм. Гэсэн ч тухайн газар халдвар илэрсэн. Тиймээс бид шинжилгээ өгч, эсрэг биетээ тоолуулж, гэр гэртээ харьцгаасан. Манай гэр Тахилтад байдаг. Харин бэлтгэлийн байр маань Модны хоёрт байрладаг. Харамсалтай нь энэ сарын 14-ний өдөр өдрийн бэлтгэлдээ явж байгаад гудамжны нохойд хазуулсан. Хаанаас нохой гарч ирснийг анзаараагүй. Тухайн үед ухаан алдсан юм шиг байна лээ. Эрхийн хурууны доод талын эрээн булчин тасарсан. Тиймээс гартаа 20 гаруй оёдол тавиулаад эмчлүүлж байгаа. Энэ асуудлаас болж олимпийн эрхээ баталгаажуулах чухал тэмцээндээ оролцох боломжгүй боллоо. Энэ удаагийн тэмцээнээс шалтгаалаад “Токио-2020” зуны олимпийн наадамд оролцож чадах эсэх маань эргэлзээтэй болчихлоо. Залбирч л байна даа.
-Олимпийн эрхээ баталгаажуулах чухал тэмцээн. Ирэх сард олимпийн эрхийн төлөөх оноо цуглуулах өөр тэмцээн уралдаан бий юу?
-Миний хувьд паралимпийн B2 ангилалд, +78 кг жинд барилддаг. 2017 оноос улсын шигшээ багтаа нэгдсэн. Зуны олимпийн наадмын пара жүдо бөхийн төрөлд дэлхийд чансаагаараа эхний найман байранд эрэмбэлэгдсэн тамирчид өрсөлддөг. Миний хувьд одоогийн байдлаар наймдугаар байранд жагсаж байна. “Токио-2020” зуны олимпийн наадамд оролцох эрх авах чухал тэмцээн маань энэ сарын 23-26-ны өдрүүдэд Азербайжанд зохион байгуулагдах гэж байна.
Мөн зургадугаар сард Англи улсад зохион байгуулагдах тэмцээнд манай улсын тамирчид оролцох боломжгүй. Бид тэмцээнд оролцохын тулд тухайн улсад виз мэдүүлэх шаардлагатай. Харамсалтай нь виз мэдүүлсэн ч тэмцээнээс өмнө нь хариу нь гарч амжихгүй. Одоогийн энэ тэмцээнд л сайн оролцож, олимпын эрхээ баталгаажуулах хүсэлтэй байсан.
Хэзээнээс эхэлж пара жүдо бөхийн спортоор хичээллэж эхэлсэн бэ? Ямар ямар амжилт гаргаж байсан бэ?
-Анх пара жүдо бөхийн спортоор хичээллэх боломжтой гэдгээ мэдээд шууд л бэлтгэл хийж эхэлсэн. “Инчон-2014”Азийн наадмын хос алтан медаль, 2018 оны Жакартагийн Азийн наадмын хүрэл, Дэлхийн аваргын шагналт тавдугаар байр, 2019 оны Казахстаны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Харин сүүлийн нэг жилийн хугацаанд цар тахлын нөхцөл байдлаас хамаарч ямар ч тэмцээн уралдаанд оролцоогүй. “Рио Де Жанейро-2016” зуны 31 дүгээр олимпийн наадамд оролцох эрхээ авч чадаагүй. Харин энэ жил оролцоно гэсэн итгэлтэй байсан ч эргэлзээтэй боллоо.
Манай улсын пара жүдо бөхийн улсын шигшээ баг хэдэн тамирчинтай вэ?
-Манай пара жүдо бөхийн улсын шигшээ баг таван тамирчинтай. Тухайлбал, дөрвөн эрэгтэй, нэг эмэгтэй тамирчин байдаг. Дөрвөн эрэгтэй тамирчин болон хоёр дасгалжуулагч маань тэмцээндээ явна.
Золбин муур, нохой устгалд жил бүр 1,2 тэрбум төгрөг төсөвлөдөг
Золбин муур нохойд хазуулж бэртсэн тохиолдол ганц үүгээр дуусахгүй. Тэгвэл нийслэлийн хэмжээнд хэдэн золбин муур нохой байдаг. Түүнийг устгах асуудалд ямар хэмжээ авч ажиллаж байгаа, жилд хэдэн төгрөгийг төсөвлөдөг талаар тодрууллаа. талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны мэргэжилтэн Б.Мөнбаяраас тодрууллаа.
Нийслэлээс гудамжны золбин муур нохойг устгахад ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Золбин муур нохойг устгах ажлыг нийслэлийн хот тохижилтын газар хариуцаж ажилладаг байсан. Сүүлд дүүргүүд нь хариуцдаг болсон. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2017 оноос эхлэн сонгон шалгаруулалт зарлаж мэргэжлийн гурван компанитай гэрээ байгуулан ажиллаж байна. Тэдгээр компанийн нийт 36 мэргэжлийн анчин золбин муур нохойг устгах ажлыг хийж байгаа.
-Жилд хэдэн төгрөгийн төсөвтэй байдаг вэ?
-Уг ажилд 2016 оноос хойш тогтмол 1,2 тэрбум төгрөгийг төсөвлөж байгаа. 2016 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар нэг муур, нохойг 12 мянган төгрөгөөр устгах шийдвэр гаргасан.
Өнгөрсөн онд хэдэн золбин муур нохой устгасан бэ? Харин энэ он гарсаар хэчнээн муур, нохой устгаад байна?
-Өнгөрсөн онд 97 мянган золбин муур нохой устгасан байна. Энэ онд 100 мянган золбин муур, нохой устгахаар төлөвлөсөн. Үүнээс он гарсаар 40 гаруй мянган золбин муур, нохой устгажээ. Өдөрт дунджаар 250-300 нохой устгадаг. Өөрөөр хэлбэл, нэг анчин өдөрт дунджаар 10 нохой устгадаг гэсэн үг.
-Нохой муурны үржлийг хязгаарлах ажлыг хийж хэрэгжүүлдэг үү?
-2017 оноос эхлэн гэр хорооллын нохой, муурны үржлийг зогсоох ажил хийж эхэлсэн. Одоогийн байдлаар 30 мянган нохой, муурны үржлийг зогсоох ажил хийжээ. Нэг нохой, мууранд үржлийг хязгаарлах ажил хийхдээ дунджаар 26000-36000 мянган төгрөг зарцуулдаг.
Мөн нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн нохой, муурны зүс, нас, нэрийг бүртгэж паспортжуулсан. Тухайн айлын нохой алга болсон тохиолдолд хороо, дүүрэгтэй хандана.
Гудамжны золбин нохойд хазуулсан тохиолдолд хаана хандах ёстой вэ?
-Хэрэв гудамжны золбин нохойнд хазуулсан тохиолдолд хороо, дүүргийнхээ мал эмнэлэгт хандах хэрэгтэй.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ