COVID-19: Израиль бүх хязгаарлалтаа цуцална

img

Коронавирусийн цар тахалтай тэмцэж буй дэлхийн орнуудын дундаас хамгийн амжилттай яваа орнуудын нэг гэгддэг Израиль улс өнгөрсөн гуравдугаар сард "цар тахлыг ялсан" талаараа зарлаж байсан юм. Тухайн үед вакцинд хамрагдсан хүмүүс үйлчилгээний газруудаар үйлчлүүлэх, гадуур явахад ямар ч хориг, хязгаарлалтгүй болж байв. Харин одоо үлдсэн хязгаарлалтуудаа цуцлахаар болсон талаар News.ru  мэдээлжээ. 

 

Тодруулбал, цар тахалтай холбоотойгоор авч хэрэгжүүлж буй бүхий л хязгаарлалтыг зургадугаар сарын нэгний өдрөөс эхлэн цуцлахаар болсон талаар Израилийн Эрүүл мэндийн яам мэдээлсэн байна. "Цар тахал эхэлснээс хойш анх удаа зургадугаар сарын нэгнээс эхлэн Израилийн нутаг дэвсгэр дээрх бүхий л хязгаарлалт цуцлагдана" хэмээн Эрүүл мэндийн яамны мэдэгдэлд өгүүлжээ. 

 

Гэхдээ хилийн чанадаас ирэх жуулчдын хувьд хязгаарлалт хэвээр үйлчлэх бөгөөд вирусийн хувилбарыг нутаг руугаа нэвтрүүлэхгүйн тулд гадаадын жуулчдад тавих хязгаарлалтыг улам чангатгаж магадгүй гэнэ. 

 

Энэ улсын хувьд хүн амынхаа 55 хувь буюу таван сая гаруй хүнийг вакцины бүрэн тунд хэдийнэ хамруулсан байна. Улмаар гуравдугаар сараас эхлэн коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинд бүрэн хамрагдсан эсвэл халдвар аваад эдгэрсэн "ногоон паспорттой" хүмүүст зоогийн газар, уушийн газар болон спорт танхимаар үйлчлүүлэхийг зөвшөөрсөн юм. Харин зургадугаар сараас эхлэн вакцинд хамрагдаагүй хүмүүс ч олон нийтийн болон үйлчилгээний газруудаар үйлчлүүлэх боломжтой болох аж. 

 

Улс орнуудын дархлаажуулалтын урамшуулал болон албадлагын аргууд

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ