Беларусийн онгоцуудыг Европын дээгүүр нисэхийг хориглоно

Европын холбооны дээд хэмжээний уулзалтаар ЕХ-ны нисэх буудлууд дээр газардах, ЕХ-ны нутаг дэвсгэр дээгүүр нислэг үйлдэхийг Беларусийн агаарын тээврийн компаниудад хориглохоор тогтлоо. Түүнчлэн Европын агаарын тээвэрлэгчдийг Беларусийн агаарын орон зайгаар дамжин нисэхээс татгалзахыг зөвлөсөн байна.
Энэ нь, ням гарагт Беларусийн эрх баригчид Ирландын онгоцыг Минск хотноо төлөвлөгөөгүйгээр газардуулсан Беларусийн эрх баригчдын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ бөгөөд энэ шийдвэр хараахан хүчин төгөлдөр болоогүй, сайд нарын түвшинд Европын холбооны зөвлөл дээр батлагдах юм байна. Ингэж эцэслэн батлагдахад хэд хоног эсвэл хэдэн долоо хоногийн хугацаа ч шаардлагатай байж магадгүй талаар ТАСС агентлаг мэдээлжээ.
Түүнчлэн шуурхай горимоор Беларусийн эсрэг шинэ хориг арга хэмжээ тавихаар тогтсоны дээр сөрөг хүчний төлөөлөгч Роман Протасевичийг суллахыг шаардсан байна. Мөн Олон улсын иргэний агаарын тээврийн Чикагогийн конвенцийг зөрчин, онгоц болон зорчигчдынх нь аюулгүй байдалд эрсдэл учруулан онгоцыг албадан буулгасан хэргийг шалгахыг Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагад хандан уриалжэээ.
Эргэн сануулахад, өнгөрсөн ням гарагт Ирландын Ryanair агаарын тээврийн компанийн онгоц Беларусийн агаарын орон зайд нисэж явах үед Беларусийн диспетчерийн албанаас "онгоцонд бөмбөг суурилуулсан гэсэн мэдээлэл ирсэн тул нэн даруй газардах шаардлагатай" гэсэн мэдээллийг онгоцны багийнханд өгсөн байна. Ингээд хөлгийн экипаж онгоцыг Минск хот руу эргүүлж, яаралтай газардсан. Онгоц газардсаны дараа "бөмбөг суурилуулсан" гэх мэдээлэл батлагдаагүй бөгөөд харин зорчигчдыг шалгах үеэр энэ онгоцоор зорчиж явсан Беларусийн сөрөг хүчний төлөөлөл, сэтгүүлч Романыг баривчилсан нь олон улсын зүгээс ихээхэн эсэргүүцэлтэй тулгарч байгаа юм.
Европ Беларусийг онгоц барьцаалсанд буруутгаж, хориг тавихаар зэхэж байна
СЭТГЭГДЭЛ БИЧИХ