Беларусь Ирландын онгоцыг Минск хотноо буулгаснаа тайлбарлажээ

Ирландын Ryanair агаарын тээврийн компанийн онгоц тавдугаар сарын 23-ны өдөр Минск хотноо яаралтай газардсан нь Брест болон Гродно хотуудын нисэх буудлууд тухайн өдөр ажиллаагүйтэй холбоотой гэнэ. Энэ талаар Беларусийн Тээвэр, харилцааны яамны нисэхийн хэлтсийн захирал Артем Сикорский мэдэгджээ.
"Ням гарагт гагцхүү Минск болон Гомель нисэх буудлууд л ажиллаж байсан. Онгоц Беларусийн агаарын орон зайд орох үед хамгийн ойр нь Минск хот байсан юм" хэмээн Артем Сикорский өгүүлжээ.
Тавдугаар сарын 23-ны өдөр Ирландын онгоцыг яаралтай буулгаж, улмаар зорчигчдыг гаргасны дараа сөрөг хүчний сэтгүүлчийг Беларусийн тал баривчилсанх нь олон улсын зүгээс ихээхэн эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм. Беларусь улс энэ онгоцонд "бөмбөг тавьсан" гэх мэдээллийн дагуу яаралтай буулгах шаардлагатай болсон гэсэн байр суурин дээрээ байгаа ч энэ ажиллагааг тусгайлан зохион байгуулсан байж болзошгүй гэж олон орон үзэж байна.
Тавдугаар сарын 25-ны өдөр Беларусийн Тээврийн яамны Нисэхийн хэлтсийн сайт дээр Ryanair онгоцны нисгэгч Беларусийн диспетчертэй холбогдсон яриаг нийтэлсэн юм. Энэ ярианы үеэр, онгоцонд бөмбөг тавьсан гэх мэдээлэл авсан гэж диспетчер нисгэгчид мэдээлжээ. Ингээд Минск рүү онгоцоо эргүүлэхийг зөвлөхөд агаарын хөлгийн дарга зөвшөөрч, улмаар онгоц Беларусийн нийслэлд газардсан юм.
"Онгоц барьцаалсан" Беларусь агаарын харилцаагүй үлдэв
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ