COVID-19: АНУ-ын Нью-Мексико муж 10 сая долларын хонжворт сугалаа зарлав

Дэлхийн улс орнууд коронавирусийн цар тахлыг даван гарахын тулд дархлаажуулалтыг өргөн цар хүрээтэй явуулж, үүнд иргэдийг идэвхтэй хамруулах зорилгоор төрөл бүрийн арга хэрэглэсээр байна. Коронавирусийн халдвар болон үүнээс үүдэлтэй нас баралтаар дэлхийд тэргүүлж байгаа АНУ-ын хоёр ч муж оршин суугчдаа дархлаажуулалтад идэвхтэй хамруулахын тулд ихээхэн өндөр хонжвортой сугалаа зохион байгуулж байлаа. Энэ удаад өндөр хонжвороор оршин суугчдаа татах гэсэн шийдвэрийг Нью-Мексико муж гаргажээ.
Тодруулбал, коронавирусээс сэргийлэх вакцинд хамрагдсан хүмүүсийн дунд хамгийн өндөр мөнгөн дүнтэй шагнал амлах сугалаа явуулах бөгөөд сугалааны дүнгээр нийт 10 сая доллар (shuud.mn: монгол мөнгөөр 26,2 тэрбум төгрөг) олгох аж.
"Урьдчилан сэргийлэх тарилга хийлгэх нь өөртөө, гэр бүлдээ, улс орондоо зориулж хийж байгаа зөв алхам. Дархлаажуулалтын үндэсний аянд багахан зугаатай хэсэг нэмж байгаадаа би баяртай байна" хэмээн Нью-Мексико мужийн захирагч Мишель Лухан-Гришем мэдэгджээ.
Хамгийн өндөр, нэг удаагийн хонжвор нь таван сая доллар (shuud.mn: монгол мөнгөөр 13,1 тэрбум төгрөг) байх бөгөөд ялагчийг наймдугаар сард зарлах юм байна. Үүний зэрэгцээ мужийн дөрвөн бүс нутаг тус бүрт 250 000 долларын шагнал болон музейн тасалбар зэрэг жижиг шагналууд ч дагалдах аж.
Ийнхүү асар өндөр хонжвортой сугалаа зохион байгуулах болсон нь коронавирусээс сэргийлэх дархлаажуулалтын ажлыг идэвхжүүлэх зорилготой бөгөөд одоогийн байдлаар Нью-Мексико мужийн вакцинд хамрагдах насны оршин суугчдын 55 хувь нь хоёр тунд бүрэн хамрагджээ. Гэхдээ энэ мужийн Эрүүл мэндийн яам дархлаажуулалтад хамрагдсан үзүүлэлтийг 70 хувь болтол өсгөх эрмэлзэлтэй байгаа юм.
Ийм сугалаа бусад мужуудад ч зохион байгуулагдаж байгаа. Эдгээрийн нэг болох Калифорни муж 116 сая долларын шагналын сантай, нэг хүнд 1,5 сая долларын хонжвор очих сугалаа зохион байгуулж байгаа юм.
Улс орнуудын дархлаажуулалтын урамшуулал болон албадлагын аргууд
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ