АН-ын жүжигчид минь одоо боль оо

Нийслэлийн АН-ынхан Чингисийн талбайд цуглаан хийж байна. Цуглааныг зохион байгуулагч Э.Бат-Үүл, М.Тулгат, Ч.Өнөрбаяр нар “АН-ын хувь заяаг Төрийн ордонд эрх баригчид шийдэж болохгүй. Үүнийг эсэргүүцэж, УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүлж байна” хэмээн мэдэгдлээ. Товчхондоо АН-ынхан нэг гараараа нөгөө гараа барьчихаад намайг баривчиллаа хэмээн орилж байна гэсэн үг.
Өнгөрсөн сарын эхээр УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өлсгөлөн зарлаж, төв талбайд долоо хоног хэвтсэнийг та бүхэн санаж буй байх. Тэд УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан сонгуулийн төв байгууллагын шийдвэрийг эсэргүүцэж, өлсгөлөн зарласан. Тэднийг өлсгөлөн зарлаж байхад “эргэлт”-ээр очоод үсдүүлж хөөгдсөн Э.Бат-Үүл, М.Тулгат нар өнөөдөр талбай дээр цуглаан хийж байна.
Э.Бат-Үүл, М.Тулгат нар Н.Алтанхуяг нарынхаа шахалтаар УИХ-д байгуулагдсан ажлын хэсгийг эсэргүүцэж буй гэнэ. Ингэхдээ “МАН-ынхан, эрх баригчид АН-ын хувь заяаг Төрийн ордонд шийдэхгүй шүү” хэмээн орилж байна. Үнэн хэрэгтээ АН-ын хоёр толгой бие биенээ хазахаар дайрч буй нь энэ.
Учир нь УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өлсгөлөн зарласан АН-ын гишүүдийн шахалтаар байгуулагдсан. Ажлын хэсэг байгуулах зөвшилцөлд хүрч, өлсгөлөнгөө зогсоосон. Дараа нь УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Биднийг хулхидлаа” хэмээн чуулганы танхимаас цамнаж байгаад өчигдөр ажлын хэсгийг хуралдуулсан. Харин өнөөдөр Э.Бат-Үүл, М.Тулгат нар нь Н.Алтанхуягаа үгүйсгээд, төв талбайд орилж явна.
МАН-ыг мангар мангас болгон харагдуулахыг хүсч байгаа ч угтаа өөрсдөө бутарч хүчгүйдэн, хэдэн толгойтой араатан болчихоод өөрсдийгөө идэхээр дайрч буйгаа ухаарах сөхөөгүй улстөржиж явна.
АН-ынхан Төрийн ордонд суудаг болон гудамжинд алхдаг хэсгээрээ хоёр хуваагдсан. Төрийн ордны хэсэг нь эрх мэдлийн давуу байдлаа ашиглан асуудлаа парламентад ярьдаг. Харин гадаах хэд нь ордны хэдийгээ эсэргүүцэн, боож үхэхийн наагуур орилж, жагсаж явна. Өөрөө өөрсдийгөө гишгэлсэн жүжгээ одоо болио оо, АН-ынхаан. МАН биш та нар муухай харагдаж байна. Нэг хэсэг нь төв талбайд өлсгөлөн зарлаж, нөгөө хэсэг нь жагсаал цуглаан хийж хангалттай жүжиглэлээ.
Нам дотроо учраа олоогүй байж, хэнээс хариуцлага нэхэж, хагарал бутралдаа хэнийг буруутгаад байгаа юм бэ?! Гудамжны улс төрөөс чинь ард түмэн залхаж байна.
Сонгууль бүрээр хамраараа газар хатгаж, яллагддаг шалтгаанаа өөрсдөөсөө хай. Ширээний ард суугаад учраа ярилцаж, шийдвэрээ гаргах чадваргүй АН-ынхнаас ард түмэн юу ч хүсч хүлээдэггүй учраас сонгодоггүй. Ардчилал, шинэчлэлийг өөрсдөөсөө эхэл, улс төрийн жүжигчид минь.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ