Нафтали Беннет Израилийн шинэ Ерөнхий сайд боллоо
2021-06-14

"Ямина" намын дарга Нафтали Беннет  Израилийн шинэ Ерөнхий сайд болсон талаар РИА Новости мэдээлжээ.

 

Ням гарагийн үдэш шинэ Засгийн газар парламентын итгэлийг хүлээсэн бөгөөд парламентын хурал дээр 60 гишүүн дэмжиж, 59 хүн эсрэг санал өгсөн байна. Ойрын хоёр жилд Беннет сайд нарын танхимыг удирдах бол үүний дараа эвслийн тохиролцооны дагуу "Еш Атид" намын дарга Яир Лапид засгийн газрыг удирдах аж.

 

Эргэн сануулахад, дөрөвдүгээр сарын эхээр Израилийн Ерөнхийлөгч Реувен Ривлин өнөөгийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхуд парламентын сонгуулийн дүнгээр шинэ засгийн газар байгуулахыг үүрэг болгосон юм. Эвслийн хэлэлцээ хийхэд 28 хоногийн хугацаа өгсөн бөгөөд энэ хугацаа тавдугаар сарын тавны өдөр дуусч, Нетаньяху Засгийн газраа бүрдүүлж чадаагүй. Тиймээс Засгийн газар бүрдүүлэх эрхийг сөрөг хүчний улс төрч Лапидад шилжүүлж байв.

 

Парламентын сонгууль гуравдугаар сарын 23-д болсон. Энэ нь өмнөх парламент тарах шийдвэр гарснаас хойших хоёр жилийн хугацаанд дөрөв дэх удаагаа болсон ээлжит бус сонгууль байлаа. Сөрөг хүчний удирдагч Лапидын бүрдүүлж чадсан эвслийг "Өөрчлөлтийн блок" гэх бөгөөд 120 суудалтай парламентад энэ эвсэл 61 суудалтай аж. Лапидтай хийсэн хэлэлцээрт парламентад суудалтай найман намын дарга гарын үсэг зурсан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин