С.Бямбацогт: Хүнд сурталтай, авлига хардаг хурган түшмэдүүд Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг гацаалаа

Эрчим хүчний яамны түшмэдүүд Ховд аймагт бүтээн байгуулагдах Эрдэнэбүрэнгийн УЦС-ын тендерийг хоёр удаа хойшлуулж, эцэст нь цуцалжээ. Эрчим хүчний салбарынхны энэхүү эс үйлдэл УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг бухимдуулжээ. Тэрбээр өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхдээ Эрчим хүчний сайд Н.Тавинбэх болоод түүний удирдлагад ажиллаж, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажлыг хариуцаж буй хүмүүсийг ажлаа хий, чадахгүй бол зай тавьж өгөхийг санууллаа.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг байгуулах гэж сүүлийн 50 жил хөөцөлдөж байна. Ерөнхийлөгч газар дээр нь хоёр удаа очиж байж, ажлыг эхлүүлсэн. Тун удахгүй Ерөнхий сайд Ховд аймагт очиж, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын шавыг тавина гэж байсан. Гэтэл төрийн албаны хүнд сурталтай, шан харамж, авлига хардаг хэдэн хурган түшмэдүүд энэ төслийг гацааж зогсоолоо.
Эрдэнэбүрэнгийн УЦС баруун таван аймаг төдийгүй Монгол Улсын эрчим хүчний салбарт маш ач холболдолтой төсөл. Энэ төсөл хэрэгжвэл эрчим хүчний үнэ тариф тав дахин буурах боломжтой. Монгол Улс эрчим хүчний тусгаар тогтнолоо олно. 800 тэрбум төгрөгөөр таван жил хийгдэх төсөл.
03 дугаар сарын 22-нд тендер зарлаж, 04 дүгээр сарын 22-нд шалгаруулах ёстой байсан. Гэтэл 05 дугаар сарын 22 хүртэл нэг удаа, 06 дугаар сарын 22 хүртэл дахин сунгасан. Энэ хоорондоо Тайширын УЦС-ыг байгуулсан туршлагатай төслийн удирдагчийг ажлаас нь халсан. Одоо энэ тендерийг цуцалж, хүчингүй болгосон.
Хятад улс мөнгөө татлаа гэвэл яах юм, энэ төсөл гацвал хэн хариуцлага хүлээх юм бэ. Н.Тавинбэх сайд та энэ төслийг толгойгоороо хариуцана шүү. Энэ төсөл явахгүй бол та ажлаа өгч, огцорно шүү. Би танай хурган түшмэдүүдийг бүгдийг нь шалгуулна. Хариуцлагаа хүлээгээрэй. Ажлаа хийж чадвал чадаад, чадахгүй бол зайгаа тавиад зайлаарай” хэмээн бухимдлаа.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ