С.Амарсайхан: Эмийн салбарт хэдхэн компани шахааны бизнес хийж байна
Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт ажиллалаа. Шадар сайд “Эм, эмнэлгийн хэрэгслийн хангалттай холбоотой асуудал тасрахгүй байна. Ялангуяа коронавирусийн үед эмийн чанар, стандарт, аюулгүй байдал, үнэ, түгээлттэй холбоотой асуудалд онцгой анхаарах ёстой. Эмийн хангалтын асуудлыг цогцоор нь шийдэх ёстой ч шийдэгдэхгүй байна. Монгол Улсад коронавирустэй холбоотой эм, хэрэгсэл нийлүүлсэн хоёрхон компани байна. Яагаад хоёр, гуравхан компани эм ханган нийлүүлэлтийг хийдэг юм бэ. Эм олдоцгүй, үнэтэй байна” гэдгийг анхаарууллаа.
Мөн эмийн бүртгэл, чанарын асуудалд анхаарах шаардлагатайг санууллаа. Хөгжингүй улс орнуудад олон төрлийн эм, урьдчилан сэргийлэх тарилгууд гараад байдаг ч манайд орж ирдэггүй. Манайд хэдхэн компани хямд эм оруулж ирдэг шахааны бизнес байсаар байна.
Эрүүл мэндийн даатгалаар өгдөг эм чанаргүй, хаанаас яаж оруулж ирсэн нь тодорхойгүй байгаад ямар арга хэмжээ авах шаардлагатай байгааг хэлж байна.
Шадар сайд С.Амарсайхан “Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар түргэн шуурхай, ил тод нээлттэй ажиллах шаардлагатай. Манай улсад эмийг бүртгэхээсээ эхлээд нугалаа гаргадаг. Эмийг олон улсын нэршлээр биш оруулж ирдэг компаниар бүртгэдэг. Тэгээд хяналт тавьдаггүй. Бусад ижил төрлийн аж ахуйн нэгжүүдэд үнэ, чанараар өрсөлдөх боломжгүй болдог. Эмийн зөвшөөрөл олгох ажил асар том сүлжээ бий болсон. Үүнийг таслан зогсоож, ил тод болгох хэрэгтэй. Нэг эмийн зөвшөөрлийг авахдаа байр сав амлаж байж авдаг яриа хүртэл бий. Энэ бол оргүй биш. Ингэж нугалгаа гаргаж болохгүй” гэдгийг анхаарууллаа.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ