Цар тахлын үеийн “НАРАНТУУЛ”

Наадмын урт амралтын өдрүүд дуусаж, ажил эхэлсэн. Тиймээс улсын нийслэл Улаанбаатарт хөл хөдөлгөөн ихтэй байна. Халдварын нөхцөл байдал амаргүй хэвээр байгаа. Тодруулбал, өчигдөр 1513 тохиолдол батлагдаж, 21-80 насны долоон хүн нас барлаа. Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвараар нийт 774 хүн амь насаа алдаад байна. Цаашид энэ тоо хэдээр нэмэгдэхийг таашгүй. Тэгвэл амралтын энэ өдрүүдэд иргэдийн хөл хөдөлгөөн ямар байгаа, халдвар хамгааллын дэглэмээ баримталж байгаа эсэхийг сонирхохоор “Нарантуул” олон улсын худалдааны төвийг зорилоо.
“Ус, ундаа аваарай, юу сонирхож байна, сайн яриад өгнө шүү” гэж худалдагчид бидний хэдэн иргэдийг тосон хэлнэ. Найранд хос дээлээр гоёх гэсэн залуухан хосууд, намрын бэлтгэлээ эртхэн базааж яваа олон, аян замын хэрэгсэл бэлдэж яваа найзууд гээд л хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Гэвч тэд халдвар хамгааллын дэглэм баримталж байна гэхэд хэцүү. Нэр болгож амны хаалт зүүсэн байв.
Дэлхий дахинаа коронавирус халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш жил гаруйгийн хугацаа өнгөрчээ. Харин манай улсад дотоодын халдвар өнгөрөгч оны арваннэгдүгээр сард бүртгэгдсэн. Түүнээс хойш олон удаагийн хатуу хөл хорио тогтоож, шаардлагатай бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлж буй. Хэдийгээр Засгийн газраас дөрөв, тавдугаар сарыг дархлаажуулалтын сар болгон үндэсний хэмжээнд зарлаж, иргэдээ вакцинжуулсан ч өнөөдрийг хүртэл халдварын тохиолдол буурахгүй хэвээр. Иймд Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 100 жилийн ой баяр наадмыг тэмдэглэхгүй байхаар шийдсэн. Мөн элсэлтийн ерөнхий шалгалтыг наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулахаар хойшлуулсан. Наадмыг хойшлуулах шалтгаан нь олон хүний бөөгнөрөл үүсгэхээс сэргийлэх юм. Гэтэл наадмаас илүүтэй томоохон зах худалдааны төвүүдэд иргэд олноор цугларч, халдвар хамгааллын дэглэмээ баримтлахгүй байгаа нь харамсалтай.
Хэрэв халдварын нөхцөл байдал энэ хэвээр, үүнээс ч хүнд нөхцөл байдал үүсвэл хичээлийн шинэ жилд танхимаар хичээллэх, хэвийн амьдралдаа эргэн орох боломжгүй болно. Мөн манай улсад коронавирус халдварын “Дельта” хувилбар батлагдсан. Иргэдийн хариуцлагагүй байдлаас үүдэн халдварын “Дельта” хувилбар хүн амын дунд тархвал өнөөдрийн нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхийг хэн ч тааварлашгүй. Эрүүл мэндийн яам, УОК зэрэг мэргэжлийн байгууллагууд иргэдэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлахыг үргэлж сануулж буй. Иймд иргэд та бүхэн томоохон зах худалдааны төвөөр олноор үйлчлүүлэхгүй байж, хариуцлагатай байна уу.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ