Оросын дипломатуудыг Кабулаас нүүлгэн шилжүүлнэ

Афганистаны нийслэлийг талибууд эзлэн авсны дараагаас АНУ, Британи, Герман зэрэг улсууд дипломатууд ажилтнуудаа нүүлгэн шилжүүлж эхэлсэн бол ОХУ ЭСЯ-ын ажилтнуудаа нүүлгэхгүй гэж наймдугаар сарын 15-ны өдөр мэдэгдэж байлаа.
Харин өнөөдөр өөр шийд гарган, Кабул дахь Оросын Элчин сайдын яамны ажилтнуудын заримыг нүүлгэн шилжүүлэхээр болсон талаар ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас авсан эх сурвалжтайгаар РИА Новости мэдээлжээ. Түүнчлэн Кабул дахь ОХУ-ын Элчин сайд Дмитрий Жирнов "Талибан" хөдөлгөөний төлөөлөгчидтэй элчин сайдын яамны хамгаалалт, аюулгүй байдлын талаар хэлэлцэх юм байна.
"Манай элчин сайдын яам болон элчин сайд талибуудын төлөөлөгчидтэй шууд хэлэлцээ хийнэ. Манай дипломат төлөөлөгчийн газрын хамгаалалт, аюулгүй байдлыг хангах талаар хэлэлцэх төлөөлөгчдөө талибууд сонгосон" хэмээн ОХУ-ын Гадаад хэргийн яамны Азийн хоёрдугаар департаментын захирал Замир Кабулов мэдэгджээ.
Өнөөдрийн байдлаар АНУ дипломат төлөөлөгчдөө нүүлгэн шилжүүлж дууссан бол Их Британи болон бусад орнууд иргэдээ Афганистанаас нүүлгэн шилжүүлэх ажлаа үргэлжлүүлж байна.
Афганистан: Талибууд нийслэлийг эзэлж, Ерөнхийлөгч Гани эх орноо орхив
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ