Хичээлдээ бэлэн үү, сурагчид аа

Маргааш есдүгээр сарын 01. Өөрөөр хэлбэл 2021-2022 оны хичээлийн шинэ жил эхэлж байна. Коронавирус халдварын улмаас Сүүлийн хоёр жил цахимаар хичээллэсэн. Үүнээс үүдэн хичээлийн хоцрогдол үүссэн. Тиймээс Засгийн газрын ээлжит хуралдаанаар есдүгээр сарын 01-нээс хичээл, сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэр гаргасан.
Энэ хичээлийн жилд:
-
1515 цэцэрлэгт 232.000 хүүхэд
-
854 сургуульд 718.817 сурагч
-
75 МСҮТ-д 40.165 суралцагч
-
88 дээд сургуульд 150.100 оюутан суралцана.
Хичээл сургалтын үйл ажиллагааг хэрхэн зохицуулж байгааг шатлал тус бүрээр танилцуулбал,
Ногоон бүсэд байршилтай ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг сургуулийн орчинд танхимд зохион байгуулна.
Эрсдэлтэй бүсэд байршилтай ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг танхимын болон танхимын бус хосолсон хэлбэрээр зохион байгуулна.
Хослосон сургалтыг нөхцөл байдлын үнэлгээ хийсний үндсэн дээр үе шаттайгаар танхимын сургалт руу шилжүүлнэ
Эрүүл мэндийн хувьд эрсдэлтэй сурагчид танхимын сургалтад хамрагдах боломжгүй гэж үзвэл эцэг эхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандана. Тэд зайнаас хичээллэх боломжтой.
Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн хичээлийг 9 дүгээр сарын 1-ний өдрөөс танхим болон цахим хослуулан эхлүүлнэ.
Онолын хичээл болон лекц 100 хувь цахимаар явагдана
Дадлага хичээлийг оруулахдаа танхимын болон дадлагын газрын зай талбайгаас хамааран дэглэм баримталж, суралцагчийн тоог сургууль дотоодын зохицуулалтаар хангаж ажиллана
Их, дээд сургууль, коллежийн хичээл 9 сарын 1-нд цахимаар эхэлнэ.
2 дахь шатны ЭЕШ-ын дараа буюу 9 сарын 13-аас танхимын сургалт эхэлнэ.
Удаан хугацааны дараа танхим болон цахим хослон хичээллэх болсон тул сурагчид баяр хөөртэй байгаа. Гэхдээ үүнийгээ дагаад хаа хаанаа хариуцлагатай байх хэрэгтэй. Сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаа. Тодруулбал, өчигдөр шинээр 2209 тохиолдол бүртгэгджээ. Шинээр батлагдсан тохиолдлын 438 нь Улаанбаатар хотод, 1771 нь орон нутагт, байна. Мөн “Дельта” хувилбарын тархалт нэмэгдэж байгаа.
Тиймээс халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлах нь зүйтэй. Хэдийгээр манай улсад дархлаажуулалтын ажил эрчимтэй үргэлжилж байгаа ч сүргийн дархлаа тогтоогүй хэвээр байгаа. Мөн вакцин хийлгээд халдвар авахгүй гэж андуурч болохгүй. Дархлаажуулалтад хамрагдсан ч халдвар авах эрсдэлтэй. Тиймээс сурагчид танхимаар хичээллэхдээ зөвхөн өөрийн суудалд суух, гар ариутгагч авч явах, амны хаалт тогтмол зүүх, хүн хоорондын зай баримтлах, дэвэр, үзэг зэрэг хичээлийн хэрэгсэл дамжуулахгүй байх хэрэгтэй. Мөн олноор цугларч болохгүй.
Хэрэв танхимаар хичээллэхдээ халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлахгүй бол халдварын тохиолдол нэмэгдэж, дахин цахимаар хичээллэх шаардлагатай болно. Тиймээс хичээлийн шинэ жилийн бэлтгэлээ сайтар базааж, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөцгөөе.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ