Газар хөдлөлт марзагнах сэдэв биш
2021-09-08

Өнгөрсөн шөнө 00.50 цагийн үед Улаанбаатар хотод газар хөдлөлтийн чичирхийлэл хүчтэй мэдрэгдэв. Нийслэлчүүд сошиалоор нэг шуугиж, мэдсэн, мэдрээгүй тухайгаа ярилцаж, зарим нь энэ сэдвээр маазарч ч амжив. Харин гэрээсээ гарах нь бүү хэл орноосоо боссон хүн бараг үгүй болов. Бид газар хөдлөлтийн үед ямар арга хэмжээ авах тухай бараг мэдэхгүй атлаа энэ сэдвээр бол хангалттай маазарч чадаж байна. Гэхдээ газар хөдлөлт маазрах сэдэв биш. Газар хөдлөлт Улаанбаатар хотод улам ойртсоор байгаа нь анхаарах асуудал.

 

 

Энэ оны эхээр Хөвсгөл аймагт 6.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, нийслэлд мэдрэгдсэн. Үүний дараа ч тус аймагт удаа дараа газар хөдөлж, зарим тохиолдолд чичирхийлэл нь Улаанбаатарт мэдрэгдэв байв. Харин энэ удаа Улаанбаатар хотоос 124 км-ын зайд Төв аймгийн  Жаргалант сумын нутагт 5.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Энэ газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хотод маш хүчтэй мэдрэгдэв. Зөвхөн нийслэл бус Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймагт мэдрэгджээ. Нийслэлээс 124 км гэдэг бол хол зай биш.

 

Улаанбаатар хот газар хөдлөлтийн чичирхийлэлийн 6-8 баллын идэвхитэй бүст оршдог. Жил ирэх тусам газар хөдлөлтийн чичирхийллийн тоо нэмэгдэж байгаа нь энэ гамшиг ойрхон байгаагийн илэрхийлэл. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотод нэг л өдөр газар хөдлөх нь тодорхойг мэргэжлийн байгууллагынхан хэлдэг. Тэгвэл бид газар хөдлөлтөд бэлэн үү?

 

Нийслэлийн сургууль, цэцэрлэг, эмнэлэг 3-4 баллын газар хөдлөлтөд нурах эрсдэлтэй. Цаашлаад 5-6 баллын хүчтэй газар хөдлөлт болвол нийслэлийн барилга байгууламжийн тал нь нурна гэсэн тооцоо судалгааг мэргэжлийн байгууллагууд хийсэн байдаг. Өнгөрсөн шөнийн газар хөдлөлт Улаанбаатарт болсон бол барилга байшин нурах аюултай байсан гэсэн үг. Харин бид гар утсаа маажиж, олон нийтийн сүлжээндээ маазарч суусаар эрсдэлд орох өндөр магадлалтай байв.

 

Монголчууд газрын хөдлөлтийн гамшгийн зовлонг үзээгүй ард түмэн. Гадны улс орнуудад болсон гамшгийн тухай үзэж, сонсч байснаас өөрсдөө мэдрээгүй. Газар хөдлөлтийн тухай ойлголтгүй, энэ тухай мэдээллийг ч хүлээж авдаггүй. Жилд 1-2 удаа дуугардаг гамшгийн дуут дохиог мөн л сонссон сонсоогүйгээ ярилцаад өнгөрдөг. Гамшгийн сургуулилтыг ч тоодоггүй, ач холбогдол өгдөггүй. Газар хөдлөлт болсон тохиолдолд хэрхэн амиа хамгаалах тухай анхан шатны ойлголт ч байхгүй. Тиймдээ ч газар хөдлөлт болж байхад мэдсэн мэдээгүй талаараа олон нийтийн сүлжээнд хошигнохоос өөрийг хийдэггүй.

 

Цэцэрлэгийн багачуудаасаа эхлээд монголчууд газар хөдлөлтийн тухай мэдлэгтэй болох зүй ёсны шаардлага тулгарч буйг удаа дараа болж буй хүчтэй газар хөдлөлтүүд сануулсаар байна.

 

Газар хөдлөлт нийслэлээс 1000 км-ын алсад болдог байсан бол одоо хаяанд 100хан км-ын зайд болж, аюул гамшиг ойрхон байгааг мэдрүүллээ. Хамгийн гол нь Улаанбаатарт хэзээ газар хөдлөхийг урьдчилан таамаглах боломжгүй.

 

Тэгэхээр бид өөрсдөө л газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд амьдардгаа, гамшиг ойрхон байгааг байнга санаж, мэдлэг мэдээлэлтэй болох нь чухал байна. Олон нийтийн сүлжээнд энэ тухай хошигнож, маазарч байхдаа ч амиа хамгаалах, аврах аргаа давхар бичиж, бусдад түгээх нь зүйтэй юм.

 

Б.Хэрлэн

 

 

Shuud.mn
Сонин хачин
Өндөр барилгууд дэмий газар.
2021-09-08
zochin:
sersen medsen bas aisan .
2021-09-08
Gazar shoroogoo uhaad sendiicheed bai lalruudaa. Altig ni avaad avdriig ni hayadag hulgaichuud nuhun sergeeltee oligtoihon hiigeerei.
2021-09-08