ОХУ, Беларусь Холбоотон улс байгуулна

img

Пүрэв гарагт Москва хотноо Орос, Беларусийн төрийн тэргүүнүүдийн уулзалт өндөрлөлөө. Владимир Путин болон Александр Лукащенко нар Кремлийн ордонд 3.5 цаг орчим хугацаанд хэлэлцээ хийж, дараа нь хамтарсан хэвлэлийн бага хурал зохион байгуулан, хэлэлцээрийн талаар мэдээлэл өгсөн байна. 

 

Холбоотны хөтөлбөрүүд

 

Орос, Беларусь улс нэгдсэн аж үйлдвэрийн бодлогод шилжинэ гэж Путин мэдэгдлээ. Нэгдсэн макро эдийн засгийн бодлого явуулах, төлбөрийн системээ уялдуулах, мэдээллийн аюулгүй байдал, гааль, татвар, эрчим хүчний салбар болон бусад чиглэлийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр тохиролцсон гэж Оросын Ерөнхийлөгч онцолсон байна. 

 

Түүнчлэн 2023 оны 12 дугаар сарын нэгний дотор Орос, Беларусийн нэгдсэн эрчим хүчний зах зээлийн тухай баримт бичгүүдэд гарын үсэг зурна гэж Путин  мэдэгдсэн байна.

 

Орос, Беларусь улс хоёр орны 28 холбоотны хөтөлбөрүүдийг зөвшилцсөн бөгөөд энэ оны эцэс гэхэд холбоотны хөтөлбөрүүдийг батлах Орос болон Беларусийн холбоотон улсын Төрийн дээд зөвлөлийн хурал болох гэнэ.

 

Хоёр орон уялдаа холбоотой болсноор Орос, Беларусийн иргэд Холбоотон улсын хүрээнд эдийн засаг, нийгмийн салбаруудад тэгш эрхтэй болох аж. Түүнчлэн амьдралын төвшнийг дээшлүүлэх нөхцлийг бүрдүүлнэ гэж Оросын Ерөнхийлөгч мэдэгджээ.

 

Эдийн засгийн интеграци 

Хоёр орон үндэсний төлбөрийн системээ холбож, Холбоотон улсын хүрээнд нэгдсэн орон зай бий болгохоор төлөвлөж байна.

 

Хоёр орны нэгдсэн нэг валют бий болгохыг ч Лукащенко үгүйсгэсэнгүй. Харин Путин нэгдсэн валюттай болох талаар ярих нь эрт, харин нэгдсэн макро эдийн засгийн бодлогыг эхлээд зүгшрүүлэх нь чухал хэмээн онцолжээ.

 

Беларусь руу нийлүүлэх Оросын байгалийн хийн үнэ 2022 онд энэ оны төвшинтэй ижил байх гэнэ. Түүнчлэн ирэх онд нийлүүлэх хийн үнэ инфляцийн төвшнөөс ч хамаарахгүй гэж Путин цохон тэмдэглэжээ.

 

Улс төр, аюулгүй байдал

 

Хоёр орны Ерөнхийлөгчид нэгдсэн батлан хамгаалахын орон зайг байгуулах талаар хэлэлцсэн байна. Үүнтэй холбоотойгоор Орос, Беларусийн "Запад-2021" хамтарсан сургуулилалтад онцгой анхаарал хандуулж байгаагаа илэрхийлжээ.

 

Путин болон Лукащенко нар Афганистаны нөхцөл байдлыг дэлгэрэнгүй хэлэлцэж, Минск болон Москва аюул заналхийллийг сөрөн зогсоно гэдгээ илэрхийлсэн байна.

 

Путиний өгүүлснээр, Орос, Беларусийн холбооны парламентыг ирээдүйд байгуулж магадгүй, одоогоор энэ талаар хэлэлцээгүй гэнэ.

 

Агаарын харилцаа болон өр зээл

 

Хоёр орны Ерөнхийлөгчдийн хэлэлцээрийн дүнгээр ОХУ, Беларусийн хоорондын агаарын харилцааны бүхий л хязгаарлалтыг цуцлах шийдвэр гарчээ. 

 

2022 оны сүүл хүртэл Оросоос авсан Беларусийн өр 630-640 сая доллар байх гэнэ. Беларусь одоогоор дахин зээл хүсэхгүй гэж Лукащенко мэдэгджээ. 

 

Хоёр орон нэгдэх зөв зам дээрээ явж байгааг Путин онцолсон бол Москва Минск хоёр шаардлагатай бол улам ойртоно гэж Лукащенко мэдэгдсэн байна.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Оросод дагаар орох нь энэ дээ Сонгуулиа луйваргүй явуулсан бол ингэхгүй блаа
2021-09-10
Z:
Lukashenko eh ornoo erh medliin toloo hudaldvaa. Tusgaar uls bish bolj bgaa um bna.
2021-09-10