Цахилгаан шатгүйгээс ХӨСҮТ-ийн ажилчид өвдсөн, нас барсан хүмүүсийг үүрч, тэвэрч зөөж байна

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа өнөөдөр ХӨСҮТ-д ажиллаж, коронавирусийн халдварыг эмчилж буй эмнэлгийн орчин нөхцөлтэй танилцлаа. Тэрбээр энэ талаараа сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.
Тэрбээр “Байдал маш хүнд байна. Сэхээний тасгийн тааз нурж унахад бэлэн байна. 1986 оноос хойш засвар хийгдээгүй байна. Эмч нарын амрах байр маш тохь тухгүй байна. Удахгүй батлагдах 2022 оны улсын төсөвд ХӨСҮТ-ийн асуудлыг заавал оруулж, шийдүүлэхгүй бол болохгүй байна.
Манайх эмнэлгүүдээ бүр хаясан байна. ХӨСҮТ-ийн 23 барилгад 2013-2019 онд ердөө 1.1 тэрбум төгрөг өгсөн. Яаж засахав дээ. Эмнэлэг цахилгаан шатгүй байна. Хүн өвдөх, нас барахад эмнэлгийн ажилчид өөрсдөө үүрч, тэвэрч зөөж байна. Сангийн сайд 3.2 тэрбум төгрөг гаргаж, цахилгаан шатны санхүүжилтыг шийдсэн ч өнөөдрийг хүртэл гүйцэтгэгч нь шалгараагүй байна.
ХӨСҮТ-ийн хамгийн тулгамдсан асуудал нь цэвэрлэх байгууламж юм байна. Сантехникийн засвар хийхгүй бол тэр байшин нурж унахад бэлэн байна. Тиймээс 2022 оны төсөв хэлэлцэхээс өмнө холбогдох байгууллагуудад хандаж, энэ асуудлыг тавина” гэдгийг хэлж байна.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ