Барилгын компаниуд НӨАТ, нийгмийн даатгал шимтгэлийн өр төлбөрийг чөлөөлөхийг шаардлаа

Улсын төсвийн хөрөнгөөр сургууль, цэцэрлэг, спорт заал, эмнэлэг, Соёлын төвийн барилга барьдаг 200 орчим барилгын компанийн төлөөлөл өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Цар тахлаас үүдэн энэ жил улсын хэмжээнд 400 гаруй обектын барилгын ажил зогсох эрсдэлтэй тулгарчээ. Энэ байдал нь 200 гаруй компани, 5 000 ажлын байр, 50 мянган хүний амьжиргааг хүнд байдалд оруулна. Тиймээс Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүдэд хугацаатай шаардлага хүргүүлж буйгаа барилгын компанийнхан танилцууллаа. Тус шаардлагад:

1.Удаа дараа хатуу хөл хорио тогтоосноос болоод барилгын эхлэх, хугацаа дуусах 84 хоногоор хойшилсон.
2. Хил гаалиас үүдэн ачаа тээврийн үнэ өсч, барилгын гол материалын үнэ 2-4 дахин огцом өссөн.
3. Цалин бодит байдал дээр хоёр дахин өссөн.
Энэ бүхнээс үүдэн он дамжин хийгдэх ажлууд санхүүгийн хүндрэлд орж, барилгын ажлыг хэвийн үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл үүсээд байна. Харин энэ байдлыг харгалзан үзэж, үнийн зөрүүг улсын төсөвт тусгаагүй нь барилгын компаниудыг дампуурах нөхцөл байдалд хүргэж байна. Тиймээс үнийн өсөлтийг тооцож, төсвийн зөрүүг 2022 оны улсын төсөвт тусгахыг шаардав. Мөн НӨАТ болон нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрийг нэг удаа чөлөөлж, дэмжлэг үзүүлэхийг шаардлаа. Шаардлагын хариуг 10 дугаар сарын 13-ны дотор ирүүлэхгүй бол дараагийн шатны арга хэмжээ авахаа барилгын компанийн төлөөлөл хэлж байна.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ