АН-ын бүлэг хадаг барьж угтсан гишүүдээсээ татгалзлаа

Сонгуулийн өмнө сул гишүүдээр хүчээ зузаатгасан УИХ дахь АН-ын бүлэг тэднээс татгалзлаа. АН-ын бүлгийн дарга Д.Ганбат өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарыг АН-ын бүлгээс хассанаа дуулгалаа. Тэрбээр Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар цаашид АН-ын бүлгийн хуралдаан, шийдвэрт оролцох боломжгүй гэж мэдэгдэв.
АН-ын бүлгийнхэн одоогоос таван сарын өмнө УИХ-ын гишүүн Н.Алтанхуя, С.Ганбаатар нарыг бүлэгтээ нэгдэж, хадаг мөнгөн аягатай угтаж байв. Тэр үед АН-ын бүлгийн дарга Д.Ганбат хүч нэмсэн гишүүдэд талархал илэрхийлж байв. Бүр "Улсын хэмжээнд шилдэг таван улстөрчийн тоонд байнга эрэмбэлэгддэг С.Ганбаатар гишүүн бидэнтэй нэгдэж байгаад таатай байна. Н.Алтанхуяг даргын хувьд энэ намыг анхнаас нь үүсгэн байгуулалцаж, нэгэн цагт удирдаж явсан хүний хувьд төрөлх бүлэгтээ эргэн ирж байгаад баяртай байна” хэмээн хадаг барьж байв. Харин одоо тэд хэрэггүй болсныг дуулгалаа.
Мөн АН-аас дүрэм зөрчсөн, намын эсрэг ажилласан хэмээн УИХ-ын гишүүн Ц.Тувааныг намын гишүүнээс хөөж, бүлгээс хаслаа. Ингэснээр АН-ын бүлэг 10 гишүүнтэй болж байна.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ