Нарийн ногоо, өндөг дахин тасрах уу

Урд хөршөөс коронавирусийн халдвар зөөвөрлөхгүйн тулд манай улс өнгөрсөн өвөл хилээ хааж үзэв. Гадаадаас халдвар авахгүй гэсэн арга хэмжээ маань дотоодод хямрал үүсгэсэнийг та бүхэн санаж буй байх. Өндөг нүдний гэм болж, нарийн ногоо тасрав. Дэлгүүр, худалдааны төв рүү өглөө эрт орсон нь өндгөнд очерлож байлаа. Өдөр, үдээс хойшдоо бол олдохгүй. Нарийн ногоо тасарч, байгаа хэдхэн төрлийн үнэ тэнгэрт хадаж байв.
Харин одоо энэ байдал дахин давтагдаж болзошгүй нөхцөл байдал үүслээ. Энэ удаа бид биш урд хөрш маань хилээ хаачихав. БНХАУ-ын Эрээн хотод коронавирусийн дотоодын халдвар гарч, 30 мянган иргэнээсээ нэгбүрчлэн шинжилгээ авахаар орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлав. Ингэснээр манай улсын экспорт, импорт таг зогсолтод орж байна. Хамгийн гол нь Эрээн боомт хэзээ нээгдэх нь тодорхойгүй.
Манай улсын Гадаад харилцааны яам холбогдох шугамаараа ярилцаж байгаа гэх ч хэзээ гэсэн тодорхой тов хэлсэнгүй. Албан бус мэдээгээр наанадаж 7-10 хоног хаалттай байх бололтой.
Идэж, өмсөх бүхнээ энэ боомтоор татан авдаг манай улсад энэ нөхцөл сайнаар нөлөөлөхгүй нь тодорхой. Угаас гацаатай байсан бараа бүтээгдэхүүний тээвэр бүр таг зогслоо. Аль хэдийнэ хэд дахин нугарч нэмэгдсэн бараа бүтээгдэхүүний үнэ дахин нэмэгдэх нь тодорхой болов. Өнөөх өндөг, нарийн ногоо тасрах нь цаг хугацааны л асуудал боллоо.
Цар тахал бидэнд хэрэглээ бүхнээ урдаас зөөж байсны горыг хангалттай амсуулж, сануулга өгсөөр байна. Ядаж л өргөн хэрэглээний хүнсээ дотоодоосоо хангах шаардлагатайг хангалттай харууллаа. Дэлхийн энхтайван оршин байх үед бид идэх хүнсээ, өмсөх хувцсаа хангалттай хэмжээгээр зөөвөрлөж, хүссэн цагтаа татан авдаг байсан. Харин одоо нөхцөл байдал өөрчлөгдсөн, хэзээ ч ямар ч өвчин тахал гарахыг таах боломжгүй, урьдчилан сэргийлэх ч завдалгүй дэлхийг бүрхэж байна. Тиймээс хэзээд бэлэн байх нь чухал боллоо.
Цар тахал манай улсын үнэн төрхийг хангалттай илчилж байна. Бүхэл бүтэн улс экспортын гарцаа шийдвэрлээгүй, мөнгө олдог гол бүтээгдэхүүнээ хэдэн арван жил хүрздэж зарсныхаа гайг өнөөдөр ч амсаж байна. Хятад хилээ чангалахад Монгол бараг сөгдөж гуйж байна. Хэдэн жилийн турш төмөр замаар улс төр хийж, улсаа хорлоогүй байсан бол бид цар тахлыг ажрахгүй давах хэмжээний хөрөнгөтэй сууж байх байлаа. Гэтэл одоо эдийн засаг нь хасах үзүүлэлттэй, хэзээ мөдгүй дампуурах нь уу гэлтэй дээсэн өрөөн дээр дэнжигнэж байна.
Байгаагаа зарах, байхгүйгээ худалдан авах ч чадвар манай улсад алга. Гарах, орох бүх хөдөлгөөн ганцхан улсаас хараат, тэр улс хилээ чангалж, хаахад л Монголын эдийн засаг дэнжигнэж, иргэдийн хэрэглээ хязгаарлагдаж байна. Хэзээг хүртэл ийм гуйлгачин байдалтайгаар, царайчлан амьдрахыг таашгүй.
Иргэд улсын хөгжлийн тухай ярихыг ч хүсэхгүй байгаа. Бүгд ирээдүйдээ итгэлгүй болж, өнөө маргаашийг хэрхэн аргацаах тухай бодож байна. Эрээн хаагдах сургаар өндөг тасарч, нарийн ногоо дуусахад санаа чилээж буй.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ