Б.Лхагвасүрэн: Манай хүү Хөгжлийн банкны газрын даргаар томилогдсон

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2022 оны мөнгөний бодлогыг хэлэлцэж, гишүүд асуулт асууж, Монголбанкны удирдлагаас хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Хөгжлийн банкны хуулийг шинэчлэн найруулж, удирдлагыг улс төрөөс хараат бусаар томилох зарчмыг шийдсэн. Монголбанк жил тутам мэргэжлийн шалгалт хийхээр хуульчлагдсан. Сангийн сайд мэдээллээр Хөгжлийн банк үндсэндээ дампуурсан гэж байна. Нэг их наядын хугацаа хэтэрсэн өртэй болсон гэж байна. Монголбанк үүнд ямар дүгнэлт хийж байгаа вэ. Хөгжлийн банкны дампууралд юу нөлөөлөв?
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Хөгжлийн банк өөрөө хуультай. Агентлаг ч юм шиг, банк ч юм шиг байгууллага. Монголбанк олон улсын стандартын дагуу хяналтаа тавьж байгаа. Хөгжлийн банкны нийт активын 50 хувь чанаргүй болсон байгаа. 2015 оноос өмнө гарсан зээлүүд өнөөдрийн үнэлэмжээр чанаргүйд тооцогдож, шийдэгдэхгүй явж байна. Төв банкны зүгээс чанаргүй активыг хэрхэн шийдэх талаар мэргэжлийн зөвлөгөө өгч байгаа.
-Хөгжлийн банкны нэг газрын захирал нь таны хүүхэд гэдэг үнэн үү? Үнэн бол маш том сонирхлын зөрчил болно. Хөгжлийн банкны дампуурлыг таньтай холбож авч үзнэ.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Манай хүү Тэмүүжин Хөгжлийн банкийг анх байгуулагдсан үеэс эхлээд ажиллаад, сүүлд шинээр томилогдсон удирдлагын багт орж, газрын даргаар томилогдсон байна билээ. Монголбанк дотоод үйл ажиллагаанд нь ерөөсөө оролцдоггүй. Гаргаж байгаа шийдвэрт нөлөөлдөггүй. Энэ банк хэвийн ажиллах уу, юунд анхаарах эрсдэлийг дүгнэдэг.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ