Г.Занданшатар: Чуулган тасалсан гишүүдийн ирцийг олон нийтэд мэдээл

УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдаан 52.6 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдаанаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, баталсан хуулиудын эцсийн найруулгыг сонслоо. Тухайлбал, Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Таримал ургамал, үр, сортын тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн төслүүдийг гишүүдийн олонхын саналаар эцэслэн баталлаа.
Өчигдрийн хуралдаанаар есөн хуулийн төслийг баталсан учраас өнөөдөр хэлэлцэх асуудал байсангүй тул хуралдаан өндөрлөлөө.
Намрын чуулганы энэ сарын хуралдаан өнөөдрөөр дуусч байна. Тиймээс УИХ-ын гишүүдийн хуралдааны ирцийг нэгтгэх үүргийг Ёсзүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ болон УИХ-ын дэд дарга нарт өглөө. Ингэхдээ чуулганы хуралдаан тасалсан гишүүдийн ирцийг олон нийтэд мэдээлэхийг УИХ-ын дарга Г.Занданшатар үүрэг болгов.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ