Даатгалын салбарынхан Т.Аюурсайхан нарын өргөн барьсан хуулийг эсэргүүцлээ

Монголын даатгалын холбоо, Монголын даатгалын зуучлагчдын холбоо, Монголын хохирол үнэлэгчдийн холбоо, гишүүн компаниуд Автотээврийн хэрэгслийн эзэмшигчийн хариуцлагын даатгалын тухай хуулийн талаар мэдээлнэ.
Монголын даатгалын холбооны удирдах зөвлөлийн дарга П.Эрдэнэбаатар:
-Албан журмын даатгалын тухай хуулийг Т.Аюурсайхан гишүүн УИХ-д өргөн барьсан. Уг хуулийг уншаад цочирдлоо. Өнгөрсөн есөн жилийн хугацаанд албан журмын даатгалыг амжилттай хэрэгжүүлж байгаа. 5000 ажилтантай салбар. Гэтэл үндэслэлгүй мэдээлэл тарааж, даатгалыг улс авна гэсэн байна. Үүнийг шинээр хөгжөөд удаагүй байгаа даатгалын зах зээлийг хөгжүүлэх бус байхгүй болгох, булшлах хуулийн төсөл болсон байна гэж дүгнэж байна. Уг хуульд цөөхөн хэдэн асуудлыг үндэслэл болгож гаргасан байсан. Тухайн асуудлууд нь одоогийн даатгалын нөхцөл байдалд хэрэгждэггүй мэтээр мэдээлэл өгсөн байна.
Уг хуулийн үндсэн зорилгууд дээр цөөхөн хэдэн асуудал даатгалын зах зээлийг хөгжүүлэх, цаашид тогтвортой байлгахад эрсдэл үүсгэж байгаа нь харагдаж байна. Даатгалын бүтээгдэхүүн бусад санхүүгийн зах зээлээс нөөц сан байгуулж, ирээдүйд учрах эрсдэлийг хаадгаараа онцлог байдаг. Өөрөөр хэлбэл, нөхөн төлбөрийн нөөц сан үүсгэдэг. Энэ нөөц сан нь хуулиар зохицуулагдсан албан журмын даатгалын сан гэж сүүлийн есөн жилийн хугацаанд байгуулагдаж тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн татварын 10 хувийг жил бүр авдаг. Ингэснээр өнөөдрийн байдлаар 27 тэрбум төгрөгийн нөөц сан байгаа. Уг сангийн үйл ажиллагаа, зарцуулалттай холбоотой мэдээ мэдээллийг даатгалын оролцогч нар байнга лавладаг. Гэвч сүүлийн хоёр жилийн хугацаанд тус сангийн хурал зохион байгуулагдаагүй, мэдээ мэдээлэл тодорхойгүй байдаг.
Монголын даатгалын холбоо:
-Авто тээврийн хэрэгслийн эзэмшигчийн хариуцлагын даатгал гэдэг нь одоо хэрэгжиж байгаа жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулга гэж оруулж ирж байна. Үүнд зарчмын маш том хоёр өөрчлөлт байна.
Нэгдүгээрт, Зах зээлд 15 ердийн компани өрсөлдөөд, хөгжүүлээд, дэд бүтэц, бааз суурийг бий болгосныг зөвхөн хууль батлаад төрд төвлөрүүлэх шийдэл гаргасан байна. Өрсөлдөөн байхгүй болно. Төр уг хуулиар дараагийн санг бий болгох гэж байна. Бид эргэлзэж байна. Хуулийг дүгнээд үзэхэд жолоочийн сэтгэл ханамжид хүртэл нь үйлчлэх үйл ажиллагаа харагдахгүй байна. Худлаа мэдээлэл иргэдэд өгч, төрд төвлөрүүлж, ардчилсан зарчим, чөлөөт сонгох эрхийг боомилж болохгүй. Бид энэ хуулийг учир дутагдалтай байгааг хүлээн зөвшөөрч байгаа. Сайжруулахын тулд 2017 оноос хойш Сангийн яаманд удаа дараа санал хүргүүлсэн. Ажлын хэсэг ажиллаж байгаа.
Хоёрдугаарт, Уг хууль нь Алсын хараа 2050 хөтөлбөрийн бодлогоос эсрэг байна. Цар тахлын дараах эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөр гэдгийг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар индэр дээр сууж байгаад ААН-үүдтэйгээ хамтран ажиллаж, хямралыг даван туулна гэж ярьж байсан. Гэтэл энэ нь тунхагийн шинжтэй юм уу.
УИХ-ын дэд дарга өөрийнхөө цахим постоор даатгалын салбарын тоон мэдээллийг учир дутагдалтай гажуудуулж мэдээлсэн. Мөн хөндлөнгийн хохирол үнэлгээний байгууллагуудыг даатгалын компаниуд эзэмшдэг мэтээр ойлголт өгсөн. Энэ бол тусгай зөвшөөрөлтэй хохирол үнэлгээний байгууллага. Олон улсад байдаг стандарт. Биднийг гүтгэлээ. Үүнийгээ батал. Үгүй бол уучлалт гуй.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ