УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан даатгалын компаниудын мэдээлэлд хариу барилаа

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нарын гишүүд Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлээд буй. Тус хуулийн төсөлд жолооч нарын даатгалыг санд хуримтлуулж, эргээд жолооч нарт зориулах, хохирлыг зөв үнэлэх, осол гаргаагүй жолооч нарын даатгалын хураамжийг бууруулах зэрэг асуудлыг тусгаад буй.
Тэгвэл энэ асуудлаар өнөөдөр даатгалын компаниуд мэдээлэл хийж, уг хуулийн төсөл даатгалын салбарыг булшилна хэмээн мэдэгдсэн юм. Компаниуд даатгалыг улс авахаар санаархаж, дөнгөж хөгжиж буй салбарыг унагахаар санаархаж байгааг мэдэгдсэн юм.
Даатгалын компаниудын мэдээлэлтэй холбогдуулан хуулийн төсөл санаачлагч, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан цахим хуудсаараа дамжуулан хариу барьжээ. Тэрбээр "Хэн нэг компани төрийг дарамталж, шантаажилна гэж байхгүй. Жилдээ автомашины сайн дурын гэгч даатгалаас 4 тэрбум, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалаас 3 тэрбумыг халаасалдаг даатгалын зарим компани жолооч нарыг үргэлжлүүлэн шулахын тулд 150 сая төгрөгийг хуулийн өөрчлөлтийг муучлах пиар, ТВ, УИХ-ын гишүүдийг хувааж авч лоббидоход зориулж гаргасан байна.
Энэ ажлыг нэр бүхий компанийн төлөөлөл Б., Б., Г. нар хариуцан гүйцэтгэж байна. Угтаа энэ бол жолооч нарт нөхөн төлбөрт өгвөл зохих жолооч нарын мөнгө юм. УИХ-ын олон гишүүд компанийн лоббид автахгүй, нийтийн эрх ашгийн талд хатуу байр суурьтай байгаа.
Нийтийн эрх ашгийн төлөөх хуулийн төсөл энэ 7 хоногт хэлэлцэгдэнэ!" хэмээн бичжээ.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ