Ч.Хүрэлбаатар: Төр данхайх тал руугаа явж байна

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нарын өргөн мэдүүлсэн Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.
Хуулийн төсөл санаачлагч, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Ашгийн төлөө аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг ААН-үүдэд жолоочийн албан журмын даатгалын тусгай зөвшөөрлийг олгосон. Ашгийн төлөө байгууллага эрхэлснээр хуулийн үндсэн зорилго хэрэгжихэд хүндрэл үүссэн.
Хуулийн үндсэн зорилго нь жолоочийн эрх ашгийг хамгаалах, хохирлыг барагдуулах байтал ашиг олох зорилгоор гажуудуулсан. Мөн ашгийн төлөө байгууллагууд хариуцсанаар зам тээврийн ослыг бууруулах бодлого орхигдож ирсэн.
...Хуулийн гажуудлаас дурдвал, цагдаагийн тодорхойлолт заавал шаарддагаас болж, цагдаа ирж зөрчлийн оноо хасаж, торгодог учраас даатгуулагч иргэд захиргааны арга хэмжээ авахуулахгүйн тулд хувиасаа зардал гаргаж, даатгалын төлбөр нь компанийн ашиг болж үлддэг.
Тиймээс хууль санаачлагчид энэ ажлыг ашгийн бус хэлбэрээр зохион байгуулахаар төсөлд тусгасан” гэдгийг хэлж байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хууль санаачлагчаас хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Хуулийн нэмэлт өөрчлөлтийн зорилгыг сайн ойлгосонгүй. Хувийн хэвшлийн компаниуд ашигтай ажиллаж болохгүй гэж үзээд байгаа юм уу. Сайн явж байгаа зүйлийг заавал бусниулах хэрэг байна уу? Энэ зохицуулалтаар ослын тоо буурна гэдэгт би эргэлзэж байна.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Хуулийн зорилго маш тодорхой байгаа. Жолооч нарын хохирлыг бодитоор үнэлж, ослын хохирлыг бүрэн гүйцэд олгодог болно. Зам тээврийн ослыг бууруулахад жолоочийн хариуцлагын албан журмын даатгал уялдаж байх ёстой. Төр албадлагын аргаар жолооч нараас мөнгө авч байгаа бол тэдний эрх ашгийг хамгаалсан бодлогын арга хэмжээнд чиглүүлэх ёстой.
Даатгалын компаниуд олон төрлийн даатгалын үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг ашгийн бус этгээд хариуцъя гэхээр даатгалын компаниуд хүнд байдалд орно гэдгийг сонсохоор эргэлзээ төрж байна. Даатгалын салбар чинь ийм эрүүл бус болчихсон юм уу. Бусад бүтээгдэхүүн нь хөгжих чадваргүй болсон юм уу.
Жолоочийн хариуцлагын даатгал ашиг сонирхлын зарчмаар олон жил явсан. Сая гаруй жолооч даатгал төлж байгаа учраас асуудлыг засаж залруулахыг зорьсон. Даатгалын салбарын хөгжилд ч хэрэгтэй. Бүтээгдэхүүнээрээ өрсөлдөнө, даатгуулагч иргэдийн итгэлийг олно, хүрээллийг нэмнэ, шинэ бүтээгдэхүүн гаргаж өрсөлдөнө. Түүнээс биш хэсэг улстөрчидтэй нийлээд иргэдийн мөнгийг албан журмаар хурааж, ашиг олох нь бизнесийн зөв зарчим биш.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: Т.Аюурсайхан гишүүнээ та хэний эрх ашгийг хамгаалах гээд байна вэ. Хуулийнхаа үзэл санааг ойлгож байна уу?
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: УИХ-ын гишүүд та бид тангараг өргөсөн. Хуулийг санаачилсан гишүүд нийт иргэний эрх ашгийн төлөө ажиллаж байгаа. Доржханд гишүүн та “Монре” даатгалын 88.5 хувийг гэр бүлийнхээ гишүүний нэр дээр эзэмшиж байгаа. Тэгэхээр энэ хэлэлцүүлэгт та ашиг сонихрлын зөрчилтэй. Та тангараг өргөхдөө нийт иргэний эрх ашгийн төлөө ашиг сонихрлын зөрчлөөс ангид ажиллана гэсэн. Таны Монре даатгал 2020 онд 2.3 тэрбум төгрөгийг хурааж, 1.5 тэрбумыг жолооч нарт олгосон байна. Та энд хувийн ашгаа өсгөх буюу хамгаалахын тулд УИХ-ын гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлж болохгүй. Та хэлэлцүүлэгт оролцож болохгүй, санал хураалтад оролцож болохгүй хуультай. Хэрвээ оролцвол ҮХЦ дээр асуудал үүснэ. Тангаргаасаа няцсан, хууль дээдлэх зарчмыг зөрчинө. Та УИХ-д хувийн бизнесийг дэмжиж, ашиг орлогыг нэмэгдүүлэх гэж орж ирээгүй шүү. Миний сануулгыг хүлээж авахгүй бол би таныг өргөсөн тангаргаасаа няцсан хэргээр ҮХЦ-д асуудал үүсгэнэ.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Төр данхайх тал руугаа явлаа. Яам, агентлаг нэмж байгуулж байна. Төсөв тэлж байна. Энэ бол буруу. Одоо хувийн даатгалын компаниуд ашигтай ажиллаж байгаа учраас төр энд орж ирээд хийнэ гэдэг зүйл яригдаж байна. Энэ хандлага маш буруу шүү. Албан журмын даатгал хувийн даатгалын компаниудаар явах ёстой. Даатгалын компаниуд ажил дутуу хийж байж магадгүй. Тэрийг заавал төр хийх албагүй. Албан журмын даатгалын хуулинд байгаа дутуу зүйлийг төр авч хийнэ гээд даахгүй нохой булуу хураахын замаар явах гээд байна. Хувийн хэвшлийг намнах биш дэмжих чиглэл руу явбал зөв болов уу. Амаргүй цаг үед даатгалын салбар улам сайн ажиллаж, хүрээгээ сайн тэлээсэй, эдийн засагт томхон байр эзлээсэй гэж бодож байна.
Ийн гишүүд асуулт асууж, хариултаа авсны дараа санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн 64.3 хувийн саналаар уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Д.Батлут танилцуулахаар болов.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ