Л.Гантөмөр: 2024 онд Засгийн эрхийг авахуйц улс төрийн хүчнийг бий болгоно
Ардчилсан нам өнгөрсөн баасан гаригт Онц их хурлаа хийж, удирдлагын шинэ багаа бүрдүүлсэн юм. Тус шинэ баг өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.
АН-ын даргаар сонгогдсон О.Цогтгэрэл “АН-ын дотоод маргаанд цэг тавигдлаа. Одоо бид дотоод хэрүүл маргаан ярихгүй. АН Монгол Улсын төрийг барилцаж байсан. Эрх чөлөө, иргэн төвт үзэл санааг тээж ирсэн намынхаа хувьд иргэний талд зогсч, Монгол Улсын хөгжлийн төлөөх сөрөг хүчин болж ажиллана.
Ардчилалд хайртай хүмүүсийн итгэл үнэмшилд байдаг эрхэм олон хүнтэй хамтран ажиллахаар боллоо. УИХ-ын гишүүн, төрийн сайдаар ажиллаж байсан Л.Гантөмөр Ерөнхий нарийн бичгийн дарга болох урилгыг хүлээж аваад, баг боллоо. Хүний эрх, шударга шүүх, хуулийн шинэчлэлийн талаар зоригтой дуугарч, байр сууриа илэрхийлсээр ирсэн Х.Тэмүүжин дарга намынхаа төлөө, Монгол Улсын ардчиллын төлөө хамтран ажиллахаар боллоо.
Энэ хүмүүс туршлага, мэдлэг, олон зүйлээрээ надаас илүү. Өөрөөсөө илүү хүмүүстэй хамтран ажиллах болсондоо, мөн намын залуус нэг талдаа гарсанд асар их баяртай байна.
Нөгөө талд байгаа хүмүүст үүд хаалга үргэлж нээлттэй байгаа шүү, та бүхнийгээ урин залж байна” гэсэн байр суурийг илэрхийллээ.
АН-ын ЕНБД Л.Гантөмөр: 2024 оны УИХ-ын сонгууль хаяанд ирсэн. Улс төрийн намууд сонгуулийн маргаашнаас дараагийн сонгуульдаа бэлдэж эхэлдэг. Эрх баригч МАН 2020 оны 07 дугаар сарын 01-нээс эхлээд дараагийн сонгуульдаа орсон. Харин АН-ынхан бид бүтэн хоёр жилийг алдчихаад байна. Бид МАН-аас хоёр, гурав дахин илүү хурдтайгаар улс төрийн үйл ажиллагаа явуулахгүй бол 2024 оны сонгууль ээдрээтэй болно. Бид араас нь явахын тулд маш тодорхой үйл ажиллагаа явуулна. Ардчилсан нам ажил хэрэгч улс төрийн хүчин байна. Өнөөдрийн нийгмээ гүйцэд судална гэсэн үг. Судалгаанд тулгуурлан бодлого гаргаж, тодорхой хуулийн төсөл, УИХ-ын тогтоолын төсөл боловсруулна. Ардчилсан намын бүлгээ дэмжиж ажиллана. Бүлгийн гишүүд Монголын өнөөдрийн нийгмийг өөрчлөхүйц хуулиудыг санаачилж ажиллана. Бид бодлого боловсруулах чадвараа нэмэгдүүлэхийн тулд энэ долоо хоногт Стратеги хөгжлийн хүрээлэн байгуулна.
Бид залуу үеэ хөгжил дэвшилд хөтлөх хэрэгтэй. Ингэхийн тулд бид сургалтыг эрчимжүүлнэ. Үүгээр дамжуулан сөрөг хүчин гэж нэрлэгддэг, өөр дуу хоолойтой улс төрийн хүчнүүдтэй хамтын ажиллагаагаа эхлүүлнэ. Бид зөвхөн АН гэж улайрахгүй. Хүний эрхийн төлөө тэмцэж байгаа Д.Монголхүү, Э.Одбаяр нартай хамтран ажиллах ямар боломж байгааг судална, хамтарч ажиллана. Монголчуудын төлөө дуугарч байгаа бүх дуу хоолойг нэгтгэж, 2024 онд Засгийн эрхийг авахуйц улс төрийн хүчнийг зохион байгуулна” хэмээн удирдлагын шинэ багийн ажиллах зарчмыг танилцууллаа.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ