МАГАДЛАЛ: Дэлхийн 10 хүн тутмын нэг нь чихрийн шижингээр өвчилнө
2021-11-12

Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр энэ сарын 14-нд тохионо. НҮБ-ын 2006 оны тогтоолоор энэ өдрийг дэлхий нийтээр тэмдэглэж ирсэн бөгөөд өдгөө 161 орны тэрбум гаруй хүн “Чихрийн шижинтэй тэмцэх”  өдрийг тэмдэглэн үйл ажиллагаанд нь идэвхитэй оролцож байна. Монгол Улсад Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдрийг 1995 оноос эхлэн тэмдэглэж эхэлжээ.

 

 

2021-2023 оны Чихрийн шижинтэй тэмцэх өдрийн уриа нь “Чихрийн шижингийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж” бөгөөд дараах таван асуудалд олон нийт, төр засгийн анхаарлыг хандуулахыг зорьж байна.

 

1. Инсулин эмчилгээний хүртээмж

2. Эмийн эмчилгээний хүртээмж

3. Глюкоз хянах багаж, оношлуурын хүртээмж

4. Чихрийн шижингийн сургалт, сэтгэл зүйн тусламж үйлчилгээний хүртээмж

5. Эрүүл хооллох, идэвхитэй хөдөлгөөн хийх боломж юм.

 

Өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд чихрийн шижинтэй 537 сая хүн амьдарч байна. 2030 он гэхэд энэ тоо 643 саяд хүрч, дэлхийн 10 хүн тутмын нэг нь энэ өвчнөөр өвчлөх магадлалтай байна. Харин манай оронд 1999 онд хүн амын дунд чихрийн шижингийн тархалт 3.2 хувь байсан бол 2019 онд 8.5 хувь болж 2.5 дахин нэмэгджээ. 

 

Энэхүү эмгэгийн улмаас хөл тайрагдах, хараа алдах, бөөрний дутагдалд орох, зүрхний шигдээс, тархины харвалт зэрэг хүндрэлүүд тохиолдох эрсдэлтэй тул энэхүү эмгэгээс урьдчилан сэргийлэх, нэгэнт өвчилсөн хүмүүст тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах нь чухал байна.

 

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг

Shuud.mn
Сонин хачин