"Түүхий" хууль гологдов

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв. Хэлэлцүүлгийн үеэр тус хуулийн төсөл “түүхий” байгааг гишүүд шүүмжилж байна.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Энэ хуулийн төсөл заалт бүртээ хууль хоорондын зөрчилтэй, байхгүй асуудал оруулж ирсэн байна. Үндэсний хөгжлийн бодлого төлөвлөлт хариуцсан төрийн захиргааны байгууллага гэж хаана ч байхгүй. Гэтэл ийм байгууллага ийм асуудал хариуцана гээд явж байдаг. Мэргэжлийн боловсролын асуудал БШУЯ-нд очсон байхад энд явж байна.
Хөдөлмөрийн харилцааг зохицуулах атлаа хөдөлмөрийн суурь хуультай зөрчилдсөн байна. Энэ хуулийн төсөл дээр маш муу ажилласан байна. Хуулийн эх барьж байгаа тамгын газрынхан, байнгын хорооны зөвлөхүүд юугаа хийж байдаг юм бэ” хэмээн шүүмжиллээ.
Харин хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй ажлын хэсгийн дарга, НББХ-ны дарга М.Оюунчимэг шүүмжлэлийг хүлээж авсангүй. Тэрбээр “Бид зүгээр нэг оруулаад ирсэн юм биш, С.Бямбацогт дарга аа. Та ч гэсэн хуулийн төсөл оруулж ирэхэд зөндөө маргаан гардаг. Тухайн салбарын судалгаа тайланд үндэслэж байгаад ажлын хэсэг дээр засах юмнуудыг засаад явна. Яамны нэр, тухайн байгууллагын нэртэй холбоотой асуудал байгаа. Таны хэлж байгаа шиг бүх хуулийг зөрчөөд байгаа юм байхгүй” хэмээн өөрийгөө өмөөрлөө.
Засаж сайжруулах олон асуудал байгаа учраас тус хуулийн төслийг гүйцээн боловсруулах чиглэлийг УИХ-ын дарга өглөө.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ